Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дөрвөн настай хүүг, эхнэрийнхээ хамтаар заазуурдан хөнөөж, дагавар хүүхдээ хүнд гэмтээсэн хэрэг гарсан билээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хорчин зүүн үзэмчин хошуунд төрсөн, орчуулагч мэргэжлээр “Жигүүр гранд”, “Бэрэн”, “Хуа Ди” зэрэг компанийн хятад ажилчдын орчуулагчаар ажиллаж байсан Өргөнтал гэгч энэ ноцтой хэргийг үйлдсэн юм.
Уг хэргийг цагдаагийнхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн аж. Тус газраас “Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгасан. Хувийн таарамжгүй харилцаанаас болж эхнэр Х-г гар, толгойд нь зургаан удаа заазуурдаж бүрэлгэсэн.
Уг гэмт хэргээ нуун далдлах зорилгоор гэрт нь байсан дөрвөн настай А-ын зулайд хүйтэн мэсээрээ цохиж хөнөөсөн, 12 настай Б-ын толгойд заазуурдаж хүнд гэмтэл учруулан санаатайгаар бүрэлгэхийг завдсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ” гэх мэдээллийг бидэнд өглөө. Тус шүүхийнхнээс тодруулахад “Хэрэг хараахан шилжиж ирээгүй байна” гэв.