Сонгинохайрхан дүүргийн нутагт орших Их Нарангийн оршуулгын газарт өлгийтэй хүүхэд орхиж явсан хэрэг энэ сарын 17-нд гарчээ. “Хүүхэд орхиод явчихлаа” гэсэн мэдээлэл иргэдээс ирсний дагуу цагдаагийн ажилтнууд очиж шалгахад төрөөд удаагүй нярай охиныг оршуулгын газрын дунд орхисон байсан гэдгийг тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эх сурвалж хэллээ. Эрэн сурвалжилж, машин, сэжигтнүүдийг цагдаагийнхан олж тогтоон Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн хяналт тавин ажиллаж буй юм байна.
Баянгол дүүргийн IV хороонд оршин суудаг 22 настай Д гэх бүсгүйгээс төрсөн долоо хоногтой охиныг өвөө нь болох Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат 49 настай А, эхнэрийнхээ хамт, таньдаг жолооч 25 настай, Б-гийн машиныг хөлөглөн Нарангийн энгэрт аваачсан нь шалгалтаар тогтоогдож, тэднийг цагдан хориод буй гэнэ.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 107.2-т заасан “Өндөр настан, бага насны, өвчний болон бусад шалтгааны улмаас биеэ хамгаалж чадахгүй хүнийг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь туслах бололцоотой бөгөөд халамжлах үүрэгтэй этгээд тусламж үзүүлээгүй зориуд орхисон, эсхүл түүнийг амь биед нь аюултай байдалд зориуд оруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн үндэслэлээр сэжигтэн, яллагдагчаар татаад буй аж.
Нярайн эх болон аав, ээж нь “Дутуу төрсөн, хүн болохгүй гэж үзээд ийм алхам хийсэн” гэсэн мэдүүлэг өгсөн гэнэ. Харин хүүхдийн бие маш сайн торниж байгааг эмнэлгийнхэн бидэнд мэдээллээ.