Сүхбаатар дүүргийн нутаг, ОХУ-ын ЭСЯ-ны дэргэд байсан машин руу тэнэсэн сум орж ирсэн гэх мэдээллийг тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн, ШШҮХ-гийнхэнтэй хамтран шалгаж байна. Машиныхаа салхины шилийг суманд хагалуулсан залуу дээрх ЭСЯ-ны баруун талд тээврийн хэрэгслээ орхиод ойролцоох биллъярдын газарт тоглож байгаад гарч ирээд ийм явдал болсныг мэджээ.
Сум салхины шилийг нь нэвтлээд бүхээг дотор нь унасан байна. Шинжээчид машин руу чиглүүлж буудаагүй, тэнэсэн сум хүч нь суларч бүхээгт үлдсэн бололтой. Хэрэв чиглүүлж буудсан бол карбины сум машиныг нэвтэлж гарах байсан хэмээн үзэж буй гэнэ.
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхнээс болсон явдлын талаар тодруулахад “Машин нь суманд өртсөн гээд байгаа хүн яг хаана ийм явдал болсныг хэлж мэдэхгүй байгаа. Тухайн хэрэг гарсан орой нэлээд олон газраар, хотын төвөөр ч, гэр хорооллоор ч машинтайгаа явсан байна лээ” гэв.