АНУ-ын зүүн эргийг дайрсан цасан шуурганы улмаас гурав хоног хойшилсон айлчлалаа Германы Канцлер Ангела Меркель хийлээ. Энэ айлчлалд бэлтгэх ажил германчуудын анхаарлыг ихээхэн татсан юм. Хэвлэлийнхэн Канцлераа “Сүйтгэгч” Дональд Трампын эсрэг зогсох, Өрнөдийн ертөнцийн үнэ цэнийг баатарлагаар хамгаалагчийн дүрд хувилгаж, багагүй шуугьсан. Үнэн хэрэгтээ, АНУ-ын Ерөнхийлөгчийн талаар Герман Канцлер онцгой байр суурь баримталдаггүй.
Биеэ барьж сурсан А.Меркель Америкийн Төрийн тэргүүнтэй илэрхий сөргөлдөөгүй. Хамгийн гол нь АНУ-ын Ерөнхийлөгч сонгогдож, бас огцорч л байдаг, тус улсын талаар Германы баримтлах бодлого хөдлөшгүй хэвээр гэсэн ойлголтыг А.Меркель өгчээ.
Д.Трамп ч Германы удирдагчтай хувийн харилцаагаа хэвийн болгож чадав. “Бидэнд нийтлэг ямар нэг зүйл байна” хэмээн тэрбээр хошигносон аястай Ангела Меркельд хэлжээ. Энэ нь АНУ-ын өмнөх Ерөнхийлөгчийн үед тус улсын тусгай албаныхан А.Меркелийн утсыг сонсдог байсан талаар хөндөж хэлсэн үг аж. Яриаг нь чагнах зөвшөөрлийг Б.Обама өгсөн гэдэгт Д.Трамп итгэлтэй байдаг юм. Ямар ч байсан америкчууд утасны яриаг нь чагнаж буй талаарх мэдээлэл Германы удирдагчдыг үнэнч хэвээр байхад нөлөөлөөгүй. Мэ-дээжийн хэрэг найзууд ингэж болохгүй. Д.Трамп сая болсон айлчлалын үеэр гэрэл зурагчид гуйгаад байхад А.Меркельтэй гар бариагүй. Харин Германы Канцлер хэзээ ч тийм зан байдал гаргахгүй.
Хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр хоёр улстөрч хэлэлцээ үр өгөөжтэй болж, цаашид хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Германы тал батлан хамгаалахын зардлаа өсгөхөөр болсон нь Д.Трампад таалагдав. Хариуд нь тэрбээр Афганистан болон Украины мөргөлдөөнийг шийдэх талаар Германы гүйцэтгэж буй үүргийг сайшаалаа. Украины хямралыг зохицуулахын өмнө ОХУ-тай хэвийн харилцаагаа сэргээх хэрэгтэйг Канцлер тэмдэглэжээ.
Сэтгүүлчид шилжилт хөдөлгөөн болон аж үйлдвэрийн бодлогын талаарх байр суурийг нь тэднээс лавлав. Д.Трамп Америкийн хилийг импортоос болон цагаачдаас хамгаалахаа мэдэгдсэн бол А.Меркель эдийн засгийг хөгжүүлэхэд шилжин суурьшигчдыг зөв ашиглахыг зөвлөсөн аж. Тэдний ажиллах хүчийг хямдаар ашиглаж, хөдөлмөрийн зах зээлийн өрсөлдөөнд дарамт учруулчихаад нийгмийн хөнгөлөлт эдэлдгээс татгалзах талаар Францын Ерөнхийлөгчид нэр дэвшигч хэлснийг А.Меркель хөндөж тийнхүү мэдэгджээ.
Д.Трамп АНУ-д аж үйлдвэрийг сэргээх бодлого баримтлахаа нотолсон бол А.Меркель бусад улстай харьцуулахад Германд ДНБ дэх боловсруулах аж үйлдвэрийн эзлэх хувь хэмжээ харьцангуй өндөр байдгаас 2008-2009 оны хямралын уршгийг хялбар, түргэн давснаараа бахархдагаа илэрхийлсэн байна.
Хоёр улсын эдийн засгийн харилцаа өндөр хэвээр байгаа. Өнөөдрийн байдлаар АНУ-д Германаас 271 тэрбум еврогийн хөрөнгө оруулсан бол Германы компаниуд 800 мянган америк хүнийг ажлаар хангаж байна гэж “Frankfurter allgemeine zeitung” сонинд бичжээ