Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг энэ сарын 7-нд Бөмбөгөр сумын нутаг Хотын булан хэмээх газарт хаваржиж буй малчин Б-гийнд дуудлагаар очиж малчны хотонд хүндэрсэн жирэмсэн эхэд яаралтай хагалгааг амжилттай хийж, эх, нярайн амь насыг аварчээ.
Малчин Б-гийн эхнэр, 23 настай Б.С жирэмсний үеийн манас таталтын улмаас хүндэрч унаахгүй болж, улмаар эх, ургийн амь нас дээсэн дөрөөн дээр болсон байжээ.
Бөмбөгөр сумын эмнэлгийн эмч, эх баригч, сувилагч, лаборант, жолооч нар тус айлд очиж анхны тусламжийн үйлчилгээг үзүүлээд байхад нь Нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг очсон байна.
Өвчтөний толгой гэнэт өвдөж, улмаар бөөлжиж эхэлсэн тул өглөөний 9 цагийн үед сумын эмнэлэгт дуудлага өгчээ. Сумын эмнэлгийн хамт олон яаралтай арга хэмжээ авч II шатлалын эмнэлэгт ханджээ. Энэ дагуу нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг зөвлөлдөөд яаралтай мэс засал хийхээр шийдвэрлэсэн байна. Ингээд хагалгааг хийж гуравдугаар сарын 7-ны өдрийн 17 цаг 32 минутад 1800 грамм охиныг эсэн мэнд төрүүлж, эх ургийн амийг аварчээ. Улмаар сэхээн амьдруулалт хийж, эх, нярайн биеийн байдлыг тогтворжуулаад Бөмбөгөр сумын Эрүүл мэндийн төвд хүргэжээ. Эх 33-34 долоо хоногтой жирэмсэн байсан аж. Одоо эх, нярайн биеийн байдал сайжирч аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна.
Эхийг тус сумын эмнэлгийн машинаар тээвэрлэсэн бол нярайн тээлт дутуу, биеийн байдал тогтворгүй байсан тул зайлшгүй хүчилтөрөгчийн апарат залгах шаардлагатай байжээ. Тиймээс эмнэлгийн машины дээр мотор бэхлэх замаар апаратыг ажиллуулж, нярайг эмнэлэгт хүргэжээ.
Хэрэв яаралтай арга хэмжээ авч, хагалгаа хийгээгүй бол жирэмсний үеийн манас таталт өгөхөд давхар цус харвах, цаашлаад эх, ургийн амь нас эрсдэх аюултай байдаг байна.
Энэхүү баатарлаг буянтай үйлсийг хийсэн хагалгааны багт аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Г.Хоролсүрэн, их эмч Б.Мөнхжаргал, Эримт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн эмч П.Алтанзаяа, мэдрэлийн их эмч М.Эрдэнэчимэг, хагалгааны сувилагч Ж.Байгальмаа, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн сувилагч С.Жавхлан, жолооч Баярбаатар нар ажиллажээ.
Энэ талаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч, хагалгааны багт ажилласан Г.Хоролсүрэнгээс тодрууллаа.
Г.ХОРОЛСҮРЭН: ЖИРЭМСЭН ЭХЧҮҮД ТӨДИЙГҮЙ ТЭДНИЙ АР ГЭРИЙНХЭН ЯМАР ШИНЖ ИЛЭРВЭЛ ХҮНДЭРЧ БОЛОХ ТАЛААРХ МЭДЛЭГТЭЙ БАЙХ ЁСТОЙ
Та бүхэн маш хүнд нөхцөлд, малчны хотонд хагалгаа хийж, эх ургийн амь насыг аварсанд юуны түрүүнд баяр хүргэе. Та бүхнийг очиход эх, ургийн байдал ямар байсан бэ?
Манайд гуравдугаар сарын 7-ны өглөө жирэмсэн эх гэнэт таталт өглөө гэсэн дуудлага ирсний дагуу манай баг шуурхай гарсан. Биднийг очихоос өмнө Бөмбөгөр сумын Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар очиж анхны тусламж үзүүлсэн байдалтай байсан. Тухайн эх сумын төвөөс 45 км-ын зайтай Хотын булан гэдэг газар амьдардаг байсан. Нөхцөл байдал, эхийн биеийн байдлыг оношилсны дагуу зөвлөгөөн хийж гэрт нь хагалгаа хийх шийдвэрийг гаргасан. Жирэмсэн эх маань ухаангүй, даралт өндөр, нярайн тээлтийн хугацаа гүйцээгүй, дутуу байсан учраас эхний ээлжинд шаардлагатай эмчилгээг хийгээд хагалгаанд орсон. Хагалгааны дараа эхийн биеийн байдал сайжирч, бөөр судас, тархины үйл ажиллагаа хэвийн болж, даралт тогтворжсон. Нярайн хувьд дутуу 1800 грамм байсан учраас сэхээн амьдруулах эрчимт эмчилгээг хийсэн.
Мэдээж хагалгааны дараа гэрт нь үлдээж явах ямар ч боломжгүй. Тиймээс эх, нярайн биеийн байдлыг тогтвортой болтол нь харж байгаад оройноо Бөмбөгөр сумын түргэний машинаар ээжийг нь тээвэрлэж, манай Нэгдсэн эмнэлгийн машинд нярайг авч явсан. Нярайд хүчилтөрөгч зайлшгүй өгөхгүй бол амьсгал, зүрх, судас нь доголдоод байсан. Тиймээс мотор асааж, пургон дээрээ ачаад нярайдаа хүчилтөрөгч өгч сумын эмнэлэгт хүргэсэн. Эх, нярай гурав дахь хоног дээрээ манай Нэгдсэн эмнэлэгт ирж эмчлүүлээд одоо биеийн байдал сайжирч, тогтвортой болсон.
Эмнэлгийн бус орчинд, тэр тусмаа малчны хотонд монгол гэрт хагалгаа хийнэ гэдэг эмч хүнээс эр зориг, мэргэжлийн өндөр ур чадвар шаардах нь ойлгомжтой. Та бүхэнд энэ удаагийнх шиг хүнд нөхцөлд ажиллаж, хүний амь нас аварсан өөр тохиолдол байдаг уу?
Энэ бол ганцхан сая тохиолдсон юм биш л дээ. Жил болгон л бид ийм хүндрэлтэй ээжүүдэд бололцоогоороо явж, богино хугацаанд тусламж үйлчилгээг үзүүлж , хүний амь насыг авардаг.
Тухайлбал 2016 оны зургадугаар сард Богдын Зүүн ууланд жирэмсэн эхийн ихэс ховхорсон тохиолдол гарсан. Эх их хэмжээний цус алдсан байдалтай байхад нь манай нэгдсэн эмнэлгийн Хүрэлбаатар ахлагчтай хагалгааны баг тусламж үзүүлж, эхийн амь насыг аварч байсан. Мөн Баацагаан суманд жирэмсэн эх гэртээ ганцаараа байх үедээ ихэс нь ховхорч цус алдсан байдаг. Гэрээсээ гар утасны сүлжээ барьдаггүй учраас өөрөө уулан дээр гарч сумынхаа эмнэлэг рүү ярьж тусламж дуудаж чадсан. Тус сумын эрүүл мэндийн төвийнхөн маш шуурхай очсон. Тэднийг очиход эх цус алдалтын шокод орж маш хүнд байдалтай байсан. Энд манай Нэгдсэн эмнэлгийн Мөнхаргал ахлагчтай хагалгааны баг очиж тусламж үзүүлсэн. 2015 онд Өлзийт сумын Худаг-Уртын дөрөвдүгээр багийн нутагт айлд амарч явсан жирэмсэн эх саяны тохиолдол шиг манас таталт өгч, айлд ухаангүй болж хүнд байдалтай байхад манай хагалгааны баг явж гэрт нь хагалгаа хийж амь насыг нь аварч байсан.
Манай нэгдсэн эмнэлгийнхэн дуудлага аваад энэ нь хүнд дуудлага байна гээд бүр мэддэг болчихсон. Тэр жолоочоо, багийн бүрэлдэхүүнд эдгээр эмч нарыг явуулая гээд сурчихсан.
Жирэмсэн эхийн амь насыг аварна гэдэг хоёр хүний амь, амьдралыг бэлэглэж байгаа хэрэг шүү дээ?
Тийм ээ. Энэ удаад хамт явж ажилласан Эрдэнэчимэг эмчтэй л гэхэд бид хоёр гурван удаагийн алсын дуудлагад хамт явж хүний амь нас аварсан байдаг. Бидний мэргэжлийн сайхан, эмч хүн болсноороо бахархах сэтгэл энэ үед л төрдөг. Энэ тухайгаа бид замдаа ярьж, хагалгаа амжилттай болсны баярын нулимс унагаж байлаа.
Эндээс жирэмсэн эхчүүд, ялангуяа алслагдмал бүс нутагт амьдарч буй жирэмсэх эхчүүд эрүүл мэнддээ байнга анхаарч, эмнэлгийн байгууллагатай холбоотой ойр байх ёстой нь харагдаж байна шүү дээ. Жирэмсэн эхчүүдэд хандаж юу зөвлөх вэ?
Ерөөсөө жирэмсний үеийн хүндрэл маш богино хугацаанд явагдаж, эхийн болон ургийн амь нас эрсдэх аюултай байдаг. Тийм ч учраас нэгэнт хүндэрсэн эхчүүдийг тээвэрлэлгүй газар дээр нь яаралтай тусламжийг бид үзүүлдэг.
Жирэмсэн эхчүүд төдийгүй тэдний ар гэрийнхэн ямар шинж илэрвэл хүндэрч болох талаарх мэдлэгтэй болсон байх ёстой. Тухайлбал саяны жишээн дээр эхийн толгой өвдөж, бөөлжөөд эхэлбэл таталт өгөхөөс нь өмнө цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандах ёстой. Өөрөөр хэлбэл тусламж авах аргаа төлөвлөх хэрэгтэй. Нөгөө талаар эрүүл мэндийн ажилтнууд маань жирэмсэн эхтэй маш ойр дотно ажиллаж, хэрхэн хандах, хэзээ холбогдох, ямар утсаар ярих гээд бүх талын мэдээллийг нарийн өгдөг байх хэрэгтэй. Ингэж чадвал цаг хугацаа алдалгүй хүндрэлээс сэргийлж чадна гэв.
Мэдээлийг бэлтгэж ирүүлсэн:Б.ЧИНБАТ