Орос улс Аляскийг Америкт худалдах тухай гэрээнд 150 жилийн өмнө Вашингтон хотноо гарын үсэг зуржээ. Яагаад ийм наймаа хийв, энэ үйл явдалд хэрхэн хандвал зохих тухай олон жил ширүүн маргаан өрнөсөөр байгаа билээ. Түүхийн ухааны доктор Александр Петров, Юрий Булатов нар энэ талаар юу ярьсныг сонирхуулъя.
Алескандр Петров: -Юуны урьд одоо нефть болон бусад ашигт малтмал олборлож буйгаас Ази-Номхон далайн бүс нутагт маш ашигтай байрлалтай гэгдэх болсон асар өргөн уудам энэ нутгийг худалдсан байдаг. Цаашилбал, энэ наймаа АНУ, Орос хоёрт л хамаатай юм биш, түүнд Англи, Франц, Испани улс татагдан орсон юм.
Аляскийг худалдах үйл явц 1866 оны арванхоёрдугаар сараас эхэлж, 1867 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилжээ. Мөнгийг нь нэлээд хожуу төлсөн байна. Энэ мөнгөөр Рязанийн чиглэлд төмөр зам тавьсан. Тус газар нутагт үйл ажиллагаа явуулж байсан Орос-Америкийн компанийн ногдол ашгийг 1880 он хүртэлх хугацаанд төлж барагдуулсан юм.
1799 онд үүсэн бий болсон энэ компанийг Вологод, Эрхүү губернийн худалдаачид байгуулжээ. Тэд уг компанийг өөрсдийн хөрөнгөөр эрсдэлийг нь хүлээн байгуулсан аж. Дуунд “Америк чи битгий тэнэглэ, Екатерина чиний буруу шүү” гэж байдагчлан худалдаачин Шелехов, Голиков нарын үзсэнээр хатан хаан II Екатерина үнэхээр буруу зүйл хийсэн юм. Шелехов маш дэлгэрэнгүй илгээлт явуулж, өөрийн компанийн 20 жилийн хугацаатай онцгой эрх дархыг нотолж, тухайн үедээ асар их мөнгө болох 200 мянган рублийн хүүгүй зээл өгөхийг хүссэн байна. Хатан хаан татгалзсан юм билээ.
Гэвч худалдаачид ер шантарсангүй, ямар ч байсан өрсөлдөгчдөө шахаж чаджээ. I Павел хаан монополь эрхтэй компани байгуулсныг 1799 онд бүртгэж аваад, эзэмших эрх, онцгой эрх дарх бэлэглэж орхисон аж. Худалдаачид гол удирдлагыг нь Эрхүүгээс Санкт-Петербург рүү шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл, эхлээд энэ нь яалт ч үгүй хувийн үйлдвэр байв. Цаашдаа харин худалдаачдын оронд тэнгисийн цэргийн флотын төлөөний хүмүүсийг томилох болсон байна.
Эзэн хаан II Александрын ах, их ноёнтон Константин Николаевич Гадаад хэргийн сайд Александр Горчаковт захидал бичиж энэ газар нутгийг АНУ-д өгөх нь чухал болохыг мэдэгдсэнээс Аляскийг шилжүүлэх ажиллагаа эхэлжээ. Цаашдаа тэрбээр энэ саналаасаа огт буцаагүй, харин өөрийн байр сууриа хүчтэй хамгаалж байв.
Яг наймаалцах ажиллагааг Орос-Америкийн компанид мэдэгдэлгүй нууцаар хийсэн юм. Дараа нь Сенат болон Эзэн хааны зүгээс ёс төдий дэмжээд л өнгөрсөн байна. Константин Николаевич захидлаа Аляскийг худалдахаас яг 10 жилийн өмнө бичсэн байдаг нь гайхмаар.
Юрий Булатов: -1997 онд Хонконгийг Хятадад Их Британи эргүүлж өгөхөд биднээс авсан Аляскийг буцааж өг. Бид түүнийг худалдаагүй, зүгээр л өгчихсөн юм. Газар нутгийг маань ашигласныхаа төлбөрийг америкчууд өг гэх хэл ам гарч байв. Энэ сэдвийг эрдэмтэн судлаачид ч, жирийн олон түмэн ч сонирхож байна. 2014 онд Крымийг Орост нэгтгэхэд манай Ерөнхийлөгчтэй хийсэн ярилцлагыг шууд дамжуулсан. Тэгэхэд “Оросын Америк (Аляск)-ийн хэтийн төлөв ямар байх бол гэсэн сурвалжлагчийн асуултад Путин “Америкаар бид яах юм бэ. Ундууцах хэрэггүй” гэж хариулсан.
Үнэн хэрэг дээрээ чухам юу болсныг тайлбарлах баримт бидэнд байхгүйд хамаг учир байгаа юм. 1866 оны арванхоёрдугаар сарын 16-нд онцгой зөвлөгөөн болсон. Харамсалтай нь, тэр нь хууль бус, гаргасан шийдвэр нь буруу байлаа.
Романовынхны удам Америкт хачирхалтай гэмээр нааштай хандаж байсны шалтгаан, Аляскийг худалдсаны нууцыг тайлах нь чухал. Энэ газар нутгийг худалдсан тухай баримтад тухайн үед Оросын Америкт байсан бүх архивыг тэр чигт нь Америкт шилжүүлсэн талаар өгүүлсэн байдаг. Бодоход америкчуудад нууцлах юм байсан бололтой.
Горчаковт 1857 онд Константин Николаевич захидал бичсэн нь санамсаргүй юм биш байсан. Гадаад харилцааны сайд урьд нь энэ асуудлаас байнга зайлсхийдэг байсан ч ажил үүргийнхээ дагуу энэ захидлын талаар II Александр хаанд илтгэх ёстой байв. Эзэн хаан ахынхаа “Энэ санааг бодож үзэх шаардлагатай” гэсэн байна.
Захидалд өгүүлсэн үндэслэлийг одоо ч аюултай гэж би хэлнэ. Тухайлбал, Константин Николаевич чинь Оросын газар зүйн нийгэмлэгийн дарга байсан хүн, тэгсэн хэрнээ Оросын эзэнт улсын төвөөс Аляск их хол байдаг гэж хэлснээр нээлт хийсэн байгаа юм. Сахалин, Чукотка, Камчатка байхад яагаад чухам Аляскийг зарав, сонголт яагаад Оросын Америк дээр буув гэх асуулт гарч ирнэ. Хоёрдугаарт, Орос-Америкийн компани ашиг олоогүй гэдэг нь худлаа. Санасан зоргоор их биш байж болох ч орлого олж байсныг нь гэрчлэх баримт бий. Гуравдугаарт, сангийн сав нь хоосон байсан. Гэтэл 7.2 сая ам.долларыг байгаль, цаг уур нь бий болгочихоогүй шүү дээ. Тэр цагт Орос улсын төсөв 500 сая рубль байсан, 7.2 сая ам.доллар чинь 10 сая гаруйхан рубль гэсэн үг. Бас Орос 1.5 тэрбумын рублийн өртэй байсан. Дөрөвдүгээрт, цэрэг дайны ямар нэг зөрчил тэмцэл болбол бид энэ газар нутгийг хамгаалж чадахгүй байв. Их ноёнтон энд худал хэлсэн. 1854 онд Крымийн дайн Крымд төдийгүй Балт, Алс Дорнодод болж байсан юм. Хожим нь адмирал болсон Завойкогийн удирдлагаар Оросын Тэнгисийн цэргийн флот Петропавловск-Камчатскад Англи-Францын эскадрын довтолгоог няцааж байв. Их ноёнтон Константин Николаевичийн тушаалаар 1863 онд Нью-Йорк, Сан-Франциско руу тус бүр нэг эскадр илгээсэн юм. Ийнхүү Америкийн иргэний дайныг олон улсын хэмжээний зөрчилдөөн болгох аюулыг бид таслан зогсоосон.
Уг нь бол Америктай бид хиллэдэггүй байсан болохоор тэгэхэд Их Британид худалдсан нь дээр байсан юм.
Александр Петров: -Орос, Америкийн хооронд зөрчил тэмцэл гэхээсээ түншлэл илүүтэй байсан юм шүү дээ. Түүхч Норман Саул “Алсын анд нөхөд” гэсэн ном бичсэн нь тохиолдлын юм биш. Аляскийг худалдсанаас хойш Орос, Америкийн хооронд удаан хугацаанд найрсаг харилцаа байсан. Константин Николаевичийн байр суурийн хувьд түүнийг би гэмт хэргийн шинж чанартай гэж хэлж чадахгүй, “цагаа олоогүй, ойлгомж муутай” л гэж хэлмээр байна. Хүн тодорхой хэм хэмжээ, дүрэм журам, тухайн үеийнхээ нийгэмд үйлчилж байсан хууль тогтоомжийг зөрчвөл “гэмт хэрэг” гэж үздэг.
Юрий Булатов:-Хоёр улсын хоорондын харилцаа найрсаг байсан гэдэгт эргэлзэж байна. Нэг баримт дурдъя. Сибирээр дамжуулан Оросын Америк руу гарах цахилгаан холбооны шугам тавихаар 1863 онд америкчуудтай Орос гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Гэтэл Аляскийг худалдах ажил эхлэхээс нэг сарын өмнө 1867 оны хоёрдугаар сард Америкийн тал энэ гэрээг хүчингүй болгож, уг шугамыг Атлантикаар дамжуулж тавих болсноо мэдэгдсэн. Олон түмэн үүнд маш сөрөг хандсан нь ойлгомжтой. Америкчууд манай газар нутаг дээр дөрвөн жилийн турш тагнуулын үйл ажиллагаа явуулж байгаад 1867 оны хоёрдугаар сард гэнэт гэрээнээс татгалзсан.
Аляскийг шилжүүлсэн тухай баримтыг сөхөж үзвэл энэ нь ялагч, ялагдагчийн хооронд байгуулсан гэрээ юм. Түүний зургаан заалтыг уншихад Америк эрх эдлээд, түүний тавьсан болзлыг Орос биелүүлж байх ёстой талаар л өгүүлсэн байгаа. Толгой руугаа шаамаар.
Романовынхны удам АНУ-тай ашиг хонжоо харсан л харилцаатай байсан болохоос биш, найрсаг юм ер байгаагүй. Манай олон нийт чухам юу болоод байгааг мэдээгүй. Сайд нарын Зөвлөлийн дарга, ноён Гагарин, Дотоод хэргийн сайд Валуев, Цэргийн сайд Милютин нар наймааны талаар ямар ч ойлголт, төсөөлөлгүй байгаад, энэ тухай сониноос л мэдсэн байдаг. Наймааг тэдэнд мэдэгдэлгүй хийнэ гэдэг чинь тэд эсрэг саналтай байсан л хэрэг. Хоёр улсын харилцаа найрсаг байгаагүй.