Дипломат маргаан үргэлжилсээр буй учир Турк улс Нидерландтай дээд түвшний харилцаагаа түр зогсоохоос өөр аргагүй боллоо гэж Туркийн Шадар сайд Нуман Куртулмуш мэдэгдэв. Европын холбоотой байгуулсан шилжилт хөдөлгөөний тухай хэлэлцээрээ эргэн авч үзэж болзошгүйг ч тэрбээр анхааруулжээ.
“Бидэнтэй яаж харилцаж байна, яг түүн шиг нь байх болно. Нидерландаас дипломатчид суулгасан нислэг Туркт газардах, эсвэл манай агаарын орон зайг ашиглахыг бид зөвшөөрөхгүй. Эл хямралыг үүсгэсэн хүмүүс хариуцлагыг нь хүлээнэ” гэж Н.Куртулмуш хэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Туркийн хоёр сайд буюу Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу, Гэр бүл, нийгмийн бодлогын хэрэг эрхэлсэн сайд Фатим Бетюль Саям Кайе нар Роттердам дахь эх орон нэгтнүүдтэйгээ уулзах гэснийг Нидерландын эрх баригчид зөвшөөрөөгүй билээ.
Тэд Туркийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг үлэмж хэмжээгээр өргөжүүлэхээр Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахыг дэмжихийг Нидерланд дахь иргэддээ уриалах гэж байжээ. Үндсэн хуулиа өөрчлөх, эсэх талаар бүх нийтийн санал хураалт дөрөвдүгээр сарын 16-нд болох юм. Үүнээс өмнө Австри, Герман, Швейцарийн эрх баригчид аюулгүй байдлын үүднээс эдгээр улсад оршин суугаа иргэдийнхээ өмнө үг хэлэхийг Туркийн албаны хүмүүст хоригложээ.
Үүний дараа Туркийн Ерөн-хийлөгч Режеп Тайип Эрдоан Нидерландыг гадилан улстай зүйрлээд, энэ оронд хориг арга хэмжээ авахыг олон улсын байгууллагуудаас шаардаж, исламын шашинтнуудыг Өр-нөдийн орнууд ялгаварлан гадуурхаж байна хэмээн буруушаав. “Нацист үзэл үгүй болсон хэмээн хэлсэн минь эндүүрэл байж. Өрнөдөд нацизм байсаар байна” гэж тэрбээр мэдэгджээ.
Үүнийг хүлээн зөвшөөрөх-гүй гэдгээ Германы Канцлер Ангела Меркель мэдэгдэж, Нидерландыг дэмжиж, эв санаа нэгтэй буйгаа илэрхийллээ. Мөн тийм санаа бодолтой буйгаа Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте хэлсэн байна.
Данийн Ерөнхий сайд Ларс Лёкке Расмуссен Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырымтай хийхээр төлөвлөсөн уулзалтаа цуцлаад, Туркт ардчилсан зарчим хатуу дарамтад байна хэмээн мэдэгджээ.
Хоёр орны харилцаа түгшүүртэй энэ үед сэрэмжтэй байхыг Нидерландын эрх баригчид иргэддээ анхааруулсан байна.