Зах зээлийнх нь үлэмж хэсгийг Хятадын бизнес эрхлэгчид хэдийнэ эзэлсэн бүс нутаг болох Оросын Алс Дорнодын эдийн засгийг хөгжүүлэхэд Шинэ Делийг оролцохыг Москва урьж байна. Энэ нь Энэтхэгийн газар нутгаас хоёр дахин том тус тойргийн байгалийн арвин баялаг дахь Бээжингийн нөлөөг тэнцвэржүүлэх гэсэн Кремлийн оролдлого бололтой.
“Economic times” сонины нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр, энэ долоо хоногт Алс Дорнодын тойрог дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгч Юрий Трутнев хөрөнгө оруулагчдыг нь татахаар Энэтхэгт айлчлах гэнэ. Энэ айлчлалыг Орос, Энэтхэгийн түншлэл дэх эдийн засгийн ашиглагдаагүй нөөц бололцоог дайчлах гол арга хэмжээ хэмээн үзэж байна. Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь Дели болон Москвагийн хувьд тэргүүлэх зорилт юм.
Алс Дорнод ОХУ-ын найман тойргийн хамгийн том нь боловч хамгийн цөөн хүн амтай нь. Тэнд ердөө 6.3 сая орчим хүн оршин суудаг. Тус бүс нутаг нь ашиглаагүй тариалангийн талбай, ой мод, цагаан тугалга, алт, алмааз, нефть, байгалийн хийн арвин нөөцтэй.
Хөдөө аж ахуйн онцгой бүс, Владивосток чөлөөт бүс зэрэг бүс нутагтаа хөрөнгө оруулалт татахаар хэд хэдэн санал дэвшүүлснээ Оросын Засгийн газар урьд нь танилцуулсан билээ. Модон материал, нүүрс, алмааз олборлолт, тэрчлэн алт, цагаан алт, цагаан тугалга, гянт болд үйлдвэрлэл зэрэг салбарт бизнесээ өргөжүүлэх боломжийг хайж буй компаниудаас тус бүс нутагт хөрөнгө оруулахыг Москва хүсэж байна. “Economic times” сонинд Оросын нэрээ хэлэхийг хүсээгүй шинжээчийн ярьснаар, Москва тус бүс нутаг дахь Хятадын оролцоо өсөн нэмэгдэж буйд, ялангуяа, шилжин суурьшигчдын тоо өсөж буйд түгшиж байгаа аж. Энэтхэг нь 1992 онд Владивостокт Консулын газраа нээсэн анхны улс юм.