Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц найман шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, БНСУ-ын 11 дэх бөгөөд анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах шийдвэрийг гаргалаа. Ингэснээр 1960 оноос хойш хугацаанаасаа өмнө огцорсон анхны ерөнхийлөгчөөр Пак Гын Хэ тодорчээ. Авлигын хэргээр холбогдож ард түмний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан тэрбээр 2016 оны арваннэгдүгээр сарын 29-нд өөрийн хүсэлтээр огцрох мэдэгдэл хийж байсан. Түүний саналыг тус улсын Үндэсний Ассемблей хэлэлцэж, өнөөдөр шүүх хурал нь болсноор ийн шийдвэр гарсан байна. Пак Гын Хэ огцорсон учраас Өмнөд Солонгост тавдугаар сарын 9-нд дараагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулах ёстой болж байна. Хууль ёсоор ерөнхийлөгч огцорсон өдрөөс 60 хоногийн дотор дараагийн сонгуулийг явуулах ёстой гэнэ. Харин одоо ерөнхийлөгчийн үүргийг ерөнхий сайд Хван Кё Ан түр орлон гүйцэтгэж байгаа аж. Пак Гын Хэгийн хувьд нэн даруй Хөх ордноос гарч, өөрийн Ганнам дахь эдлэн рүүгээ нүүнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Харин шүүхийн шийдвэрийн дараа түүнийг дэмжигчид жагсаал хийж, цагдаагийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Энэхүү жагсаалын үеэр Пак Гын Хэг дэмжигч хоёр хүн амь насаа алджээ. БНСУ-ын Ёонха агентлагын мэдээлснээр нэг иргэн нь чанга яригч төхөөрөмжид дарагдан нас барсан бол нэгэн настай иргэн цагдаагийн машинаас унаж амь насаа алджээ.
Эх сурвалж: BBC.com