Афганистанд Хятадын цэргүүд очсоныг өрнөдийнхөн анхааралдаа авчээ. БНХАУ-тай залгаа хил дээрх Вахан зурваст Бээжин, Кабулын цагдаагийнхан хамтарсан ажиллагаа явуулж буй юм. Тэд хамтран ажиллаж байгаагаа мэдээлсэнгүй, Пентагон бараг л мэдээгүй дүр эсгээд өнгөрч байна.
Хятад, АНУ хоёр бусад бүс нутагт зөрчилдөөнтэй байдаг ч Афганистанд исламынхан гэсэн ижил дайсантай. Америкчууд болон НАТО-гийн цэргийнхний тоо багасахын хэрээр Хятадын цэргийн оролцоо өргөжнө хэмээн шинжээчид урьдчилан таамаглаж байна. Пентагон ийнхүү мэдэгдсэн ч Афганистаны нутаг дэвсгэрт Хятадын цэргийн явуулж буй ажиллагааны тухай тодорхой мэдээлэл өгөөгүй болохыг АНУ-ын “Defense News” сонин онцлон тэмдэглэжээ.
Вашингтон, Кабул дахь Америкийн цэргийнхэн ч тодорхой хариулт өгөхөөс зайлсхийж байна. Гэтэл Орос, эсвэл Иран улс Афганистаны асуудалд оролцоход Цагаан ордон шүүмжлэлээр булдаг. Үүнийг Бээжин, Вашингтон хоёр харилцан ашигтай, нууц тохиролцоонд хүрсэнтэй холбоотой хэмээн уг сонинд бичсэн байна.
Хамтарсан ажиллагаа явуулж буй баримтыг Хятад болон Афганистаны албаны хүмүүс эхлээд эрс няцаадаг байв. Үүнийг нотлох анхны баримт өнгөрсөн оны сүүлчээр Энэтхэгийн “Wion News” сонинд гарсан нь тус улсын зүүн хойд нутагт орших Бага Тамир бүс нутагт Хятадын цэргийн техник явааг харуулсан гэрэл зураг байлаа. Энэ өндөр уулын, үржил шимгүй тэгш хавтгай нь Афганистан улс Тажикстан, Хятад, Пакистантай хил залгадаг нутаг дэвсгэрээс гадна Вахан зурвас гэгддэг. Мөн саяхан “Reuters” агентлаг тус бүс нутагт Хятадын “Дунфэн EQ 2050”, “Norinco VP11” гэдэг хуягт машин яваа баримтыг нийтэлжээ.
Харин энэ сард Бээжин цагдаагийн анги нэгтгэл нь хоёр талын хэлэлцээрийн дагуу үйл ажиллагаа явуулж буйг албан ёсоор нотолжээ.
Урьд нь энэ бүс нутагт Хятадад хориглодог Дорнод Туркестаны исламын хөдөлгөөний босогчид орогнодог байв. Тиймээс Хятад улс энэ бүс нутаг дахь босогчдын мөрийг мөшгиж, устгахаар Афганистаны Засгийн газартай зөвшилцөн ажиллаж байгаа гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлжээ.
Энэ чиглэлээр хамтран ажиллах нөхцөл бий болгохын тулд БНХАУ, Тажикистан, Афганистан, Пакистаны Жанжин штабуудын дарга нар терроризмтой тэмцэх талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт 2016 оны наймдугаар сард Өрөмч хотод гарын үсэг зурсан аж. Ирак, Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн босогчдын дунд уйгурчууд бий. Тэд эх орондоо буцаж очоод, цус урсгана хэмээн саяхан сүрдүүлсэн билээ.
Одоо Афганистанд АНУ болон НАТО-гийн гишүүн орнуудын 15 мянган цэрэг бий. Дайны ид үед тэд бараг 10 дахин олон буюу 130 мянгуулаа байжээ. Өрнөдийн цэргийнхэн голчлон сургагчийн үүрэг гүйцэтгэж байна. Тэдний тоо цөөрсөн нь тус бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, “Талибан”, “Аль-Каида”, исламын шашинт уйгурчуудын ажиллагаа идэвхжихэд хүргэжээ.
Өмнөд Хятадын тэнгис дэх хиймэл арлуудын маргааны улмаас Бээжин, Вашингтоны харилцаа түгшүүртэй байгаа.
Афганистан дахь Хятадын санхүүгийн сонирхол нь байгалийн баялаг, тэрчлэн Дундад Азийн зах зээлд гарах боломжид оршиж буй аж. Хятадыг Европтой холбосон тээврийн сүлжээ болох Шинэ торгоны зам байгуулах төлөвлөгөөн дэх чухал бүс нутгуудын нэгийг Афганистан хэмээн Бээжин үзэж байна.
Өрнөдийнхний оролцоо аажмаар багасаж, Хятад улс тэдний орон зайг дүүргэх болжээ. 2015 онд “Талибан” хөдөлгөөн Афганистаны хойд нутгийн стратегийн ач холбогдолтой Кундуз хотыг эзэлсний дараа Бээжин Кабултай идэвхтэй хамтран ажиллах болсон юм санж.
Афганистаны аюулаас хамгаалах хүчнийг дэмжиж БНХАУ-д 73 сая доллар өгчээ. Хятадад одоо Афганистаны Хилийн цагдаагийн хүчин суралцаж байгаа бол Засгийн газар нь зэвсэг, цэргийн техник, тэдгээрийн дотор сум үл нэвтрэх хантааз, мина аюулгүй болгох хэрэгсэл, хуягт машин нийлүүлжээ.
Өмнөд Хятадын тэнгис дэх маргааныг зохицуулахаас гадна БНАСАУ-ыг тогтоон барихад үлэмж хэмжээний чармайлт гаргахыг, тэрчлэн Өмнөд Солонгост ТНААD пуужингийн систем байрлуулахад саад болохгүй байхыг АНУ Хятадаас хүсэж буй.