Тируванантапурам хотын нэгэн сүмд хадгалагдаж буй асар их хэмжээний баялгийн хувь заяаг Энэтхэгийн Дээд шүүх шийдвэрлэхийг хичээж байна. Энэ нь хамгийн наад зах нь 22 тэрбум ам.доллароор үнэлэгдэх эд баялгийн тухай ярьж буй хэрэг юм.
Энэтхэгийн Дээд шүүхээс томилсон тусгай комиссын нэг гишүүн “Эрдэнэс байгаа газар руу харанхуй шөнө харахад саргүй шөнө тэнгэрт одод анивчиж буй мэт байв. Алмааз эрдэнэ хийгээд үнэт чулуунууд модон авдарт болон тоос шороотой шалан дээр ил хэвтэж байлаа. Ийм юм би хэзээ ч үзэж байсангүй” гэж дүрсэлжээ. Хааны удмынхны дундаршгүй баялгийн тухай эртний домог түүх худал хэлсэнгүй.
Одоо энэ баялгийг 200 цагдаа өдөр, шөнөгүй манаж байгаа аж. Гадаад харуул хамгаалалтыг нь дуран авайгаар хангаж, орох хаалган дээр нь металл хайгч байрлуулан, голлох байранд нь пулемёттой хамгаалалт байлгах болсон байна. Арга ч үгүй биз, Хорватын нэг жилийн төсвөөс илүү гарах хэмжээний баялаг энд байгаа хойно. Тэдний дунд хэдэн зуун эрдэнийн чулуу шигтгээтэй цэвэр алтан титэм, 800 килограмм алтны холимог, таван метр гаруй урт гинж, хагас тонн жинтэй алтан боолт байгаа юм байна.