Хятадад интернэтэд тавих хяналт хэт чанга буйг тус улсын өндөр албан тушаалтан шүүмжлээд, энэ нь шинжлэх ухааны судалгаа явуулах болон эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна гэв. Гадаадын цахим хуудсуудад нэвтрэх хурдыг түргэтгэх саналыг Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Бүх Хятадын хорооны орлогч дарга Ло Фухэ дэвшүүлснийг Мэдээлэл хариуцсан төрийн зөвлөл уламжилжээ.
Өнөөг хүртэл төрийн ийм өндөр албан тушаалтай нэг ч түшмэл интернэтэд тавих хяналтыг сулруулахыг уриалж байгаагүй юм. Ло Фухэгийн мэдэгдлийг төрийн хэвлэлдээ нийтэлсэн нь Хятадын эрх баригчид нийгмийн санаа бодлыг тодруулахыг хүссэнтэй холбоотой байж болох юм гэж шинжээчид үзэж байна.
Хятадын эрдэмтэн судлаачид хилийн чанад дахь мэргэжил нэгт нөхдийнхөө хийж буй ажлын тухай мэдээлэл авахын тулд заримдаа Хонконг руу явах шаардлагатай болдог гэнэ.
Гадаадын нийгмийн олон сүлжээ, мэдээллийн цахим хуудсыг Хятадад хориглосон байдаг. Төвдийн тухай болон эрх баригчдын таалалд нийцээгүй бусад мэдээллийг ч байнга хаачихдаг гэнэ.