Хятадын исламын шашинт цөөнхийн төлөөлөгч, “Исламын улс” бүлэглэлийн босогч эх орондоо эргэн очоод, цусан гол урсгана хэмээн мэдэгдэж буй дүрс бичлэг цацагджээ. Ирак дахь тус бүлэглэлийн босогчдын ашигладаг цахим хуудсанд тавьсан 30 минутын дүрс бичлэгт мэдээлэгч хэмээн нэгэн эрэгтэйг цаазалснаа харуулсан байна.
Ойрхи Дорнод дахь Хятадын террористуудын өдөр тутмын амьдралыг харуулсан уг бичлэгт хөвгүүд байлдах урлагт суралцаж, винтов буу угсарч буй харагдана. Тэрчлэн хэсэг залуу “Исламын улс”-ын ухуулагчдын яриаг сонсож, Хятадад цус урсгахаар сүрдүүлж байв. Хятадын эрх баригчид улсынх нь баруун нутагт орших Шинжаан-Уйгурт цуврал халдлага үйлдсэн хэрэгт тэндхийн салан тусгаарлах үзэлтнүүдийг буруушаадаг юм.
Үүний сацуу босогчдын бүлэглэлүүдэд нэгдсэн тэд бодитой аюул учруулна хэмээдэг. Турк гаралтай уйгурчууд БНХАУ-ын Засгийн газарт өнөөг хүртэл тэрсэлсээр иржээ. Тэд соёл, шашны хувьд хавчлага, дарамттай байдаг, гадуурхагддаг хэмээн гомдоллодог юм. Дүрс бичлэгт уйгур хэлтэй босогч “Исламын улс”-д үнэнчээ тангараглаж буй нь анхны тохиолдол болохыг Австралийн Үндэсний их сургуулийн Аюулгүй байдлын академийн ажилтан, Шинжаан-Уйгурыг хариуцсан шинжээч Майкл Кларк тайлбарлажээ.
Хятадын баруун нутагт цагдаагийн тусгай анги нэгтгэлийнхэн сүмүүдийг хамгаалж, худалдааны захуудаар эргүүл хийж, баривчилгаа явуулж байгааг бичлэгээс харж болохоор байв. М.Кларкийн үзэж буйгаар, уйгурчуудын дунд хагарал гарсан шинжтэй байгаа нь Хятадад учрах аюул улам хүчтэй болсныг илтгэж буй. Мөн уйгур босогчид “Исламын улс” болон “Аль-Каида”-г зорилгодоо ашиглаж буйн илрэл аж. Үнэн хэрэгтээ гадаадын шинжээчдийн зарим нь өнөөг хүртэл уйгур босогчид байдагт эргэлздэг төдийгүй Хятад улс аюулгүй байдлын хатуу арга хэмжээ авч буйгаа зөвтгөхийн тулд аюул учрах талаар хэт сүржигнэдэг хэмээн үздэг байна.
Исламын шашинтнуудын талаар хэт хатуу бодлого баримталдаг нь “Исламын улс”-ын эгнээнд БНХАУ-аас 100 гаруй шинэ гишүүн элсэх шалтгаан болсон хэмээн өнгөрсөн оны долдугаар сард Америкийн шинжээчдийн нэг төвийн төлөөлөгчид мэдэгдсэн юм. Сахлаа ургуулах, гивлүүр зүүх, Рамадан сараар мацаг барих зэрэг шашны зарим зан үйлийг Хятадад хориглож, эсвэл хатуу хяналт тавьдаг аж. Эдгээр нь исламын хэт давруу үзлийн бэлгэ тэмдэг хэмээн Бээжин мэдэгддэг. Улсынхаа аюулгүй байдалд заналхийлсэн аливаа аюулыг дарах шийдвэр төгс болохоо харуулах гэж Шинжаан-Уйгурын цэрэг, цагдаагийнхан олноороо цуврал жагсаал хийсэн өдөр дээрх дүрс бичлэг цахим ертөнцөд түгжээ.
Энэ долоо хоногийн даваа гаригт 10 мянга гаруй цагдаа Өрөмч хотод цугласан юм. Энэ нь он гарснаас хойших дөрөв дэх цугларалт болсон аж. Хятадын эрх баригчид тус бүс нутагт тавих хяналтаа чангатгаж, цагдаагийн шалган нэвтрүүлэх цэгүүдийн тоог нэмж байна. Тэрчлэн халдлага үйлдэхээр хуйвалдаж байгаа тухай мэдээлэх, эсвэл халдлага үйлдэгчдийг баривчилбал тав хүртэл сая юаниар шагнахаа амлаж буй юм.