Өмнөд Хятадын тэнгис дэх хиймэл арлууддаа 20 гаруй объект барих ажлаа БНХАУ бараг дуусгажээ. Тэдгээрийг алсын тусгалтай, залуурт пуужин байрлуулахад ашиглаж магадгүй гэж АНУ-ын Тагнуулын төв газрын нэрээ нууцалсан төлөөлөгч мэдээлснийг “Ройтерс” агентлаг уламжлав.
20 метр урт, 10 метр өндөр бетонон байгууламжууд тодорхой харагдаж буй учраас тус бүс нутаг дахь Америкийн хүчинд ноцтой аюул учруулахгүй гэнэ. Тэдгээрийг байгуулсан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа үүнийг хэрхэн хүлээж авахыг шалгах гэсэн арга хэмээн эх сурвалжууд үзэж байна.
Тус бүс нутгийн маргаантай арлуудыг ашиглахыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тодорхой дохиог АНУ Хятадад өгөх ёстой хэмээн Америкийн Төрийн нарийн бичгийн дарга РексТиллерсон уг албан тушаалыг хашиж эхлэхийн өмнө мэдэгдэж байсан билээ. Мөн тус бүс нутагт Хятад улс хиймэл арлууд барьж буйг тэрбээр хууль бус хэмээв. Харин Бээжин өөрийн үйлдлээ хууль зөрчөөгүй гэдэг.
Энэ сарын 18-нд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Өмнөд Хятадын тэнгист ирж, маргаантай хил болон арлуудтай тус бүс нутгийн цэрэг, улс төрийн түгшүүртэй байдлыг улам хурцатгасан юм. Үүний өмнө нисэх онгоц тээгч “USS Carl Vinson”, эскадрын мина тээгч хоёр хөлөг онгоц Номхон далайн төвд орших АНУ-ын арал муж улс болох Хавай орчимд болон Филиппиний тэнгисийн захад орших Гуам арлын ойролцоо сургуулилалт хийсэн билээ. Энэ нь байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой байсан гэж контр-адмирал Жеймс Килби мэдэгдсэн юм.
Өмнөд Хятадын болон Дорнод Хятадын тэнгис дэх хилийн талаар БНХАУ Япон, Вьетнам, Филиппин улстай маргаантай байдаг. Тус бүс нутгийн түгшүүртэй байдлыг даамжруулахын тулд АНУ-ын дэмжлэгийг санаатай ашиглаж байна хэмээн Филиппин, Вьетнамыг Хятад улс буруушаадаг.
Филиппинээс мэдүүлсэн заргын дагуу 2006 оны долдугаар сард Гаага дахь Олон улсын давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрт Хятад улсыг Өмнөд Хятадын тэнгист нутаг дэвсгэрийн маргаан үүсгэх үндэслэлгүй хэмээсэн юм. Эл шийдвэрийг тус улс хүлээн зөвшөөрөөгүй билээ.