Английн уулчин, парапланы нисэгч 53 настай Стивен Эдуард Нэйш өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд Архангай аймгийн нутагт бусдад хорлогдон амиа алдсан билээ. Түүний цогцос Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутгаас олдсон юм. Архангай аймгийн Прокурорын газраас “Архангай аймгийн харьяат Г гэгч хохирогчийн биед байсан эд зүйлийг авах зорилгоор цээжин тус газар нь шовх үзүүртэй зүйлээр хатгаж, бүрэлгэсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.
Яллагдагч Г нь Архангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2016 оны долдугаар сард хулгайн хэрэгт ял шийтгүүлж, нэг жил тэнсэн харгалзаж байхдаа хүний амь хороосон. Стивен Эдуард Нэйшийг бүрэлгэсэн Г-д холбогдох хэргийг Архангай аймгийн Прокурорын газраас хянаж, Эрүүгийн хуулийн 91.2.1 дэх хэсэгт заасан шунахайн сэдлээр хүний амь хохироосон үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ” гэж мэдээлжээ.