“Та надад хөрөнгө оруул. Би өөрөөр чинь огт хөдөлмөр хийлгэхгүйгээр мөнгийг чинь хэд дахин өсгөөд өгье” гэвэл итгэх үү. Ийм “амттай” боловч сэжигтэй үгийг сонссон хэн ч яагаад гэж асууж, яаж хэмээн эргэцүүлэх биз ээ.
Гэвч бидний олонх нь энэ тухай огт эргэцүүлэхээ больжээ. Шууд л зөвшөөрч, ямар ч аргаар хамаагүй нөгөө этгээдийн хүссэн мөнгийг өгөөд, түүнээ хэд дахин нэмэгдэж ирэхийг хүлээж, өөр хэн нэгнийг хайн, эрж олоод “Чи хэдэн цаас өгчихөөд зүгээр хүлээж бай, удахгүй саятан цаашлаад тэрбумтан ч болох магадлалтай” гэх өөрөө утгыг сайн олоогүй зальт үгийг ярьж, эхнэр, нөхөр, аав, ээж, хамаатан саднаараа биесээ дагаад “саятан, ам.долларын хадгаламжтан”-ы эрэлд мордох болов.
“Дээс томж найзыгаа аваръя” гэдэг тоглоом шиг ийм нэгэн дүр зураг сүүлийн нэг жилийн хугацаанд идэвхтэй, эрчимтэй өрнөж байна. Энэ бол бидний сүлжээний бизнес гэдэг нэрээр нь мэддэг санхүүгийн пирамид бүр цаашилбал луйвар юм. Найзынхаа үгэнд орж банкны зээлтэй хүүгийнхээ автомашиныг барьцаалан зээлдүүлэх газарт тавьж, мөнгө зээлээд ийм тоглоомоор тоглон, хожигдож хэдэн сая төгрөгөө алдчихаад “уйлах ихдэх, инээх багадах” гэгчээр яах учраа олохгүй яваа нас, намба тогтсон эмэгтэйтэй тааралдаж байлаа.
Бэлэн мөнгө өгч элсдэг нэгэн сүлжээнд багагүй мөнгө өгч нэгдсэн найз минь өгсөн мөнгөө хэд дахин өсгөж авсан. “Чи элсээч, зовж олдог чиний цөөхөн цалинг зүгээр сууж байгаад л долоохон хоногийн дотор олно” гэж ятгах. “Миний найз нэг л өдөр дээрх эгчийн түүхийг давтах вий” гэж санаа зовнин хичнээн хэлээд ч нэмэргүй “Сүлжээчин болсон, найз нь” гээд инээгээд л явна. Нэгэн танихгүй эмэгтэйн “Найрсаг хамт олонтой хамтарч ажиллан, их хэмжээний орлого олохыг хүсвэл чат бичээрэй” гэсэн зарыг фэйсбүүкээс харж, түүнтэй холбогдоод л элсчихсэн гэж байгаа. Даанч гэнэн хүн шүү.
Энэ найз шиг маань гэнэн хүмүүс зальт этгээдүүдэд итгэн мэхлүүлэн, их хэмжээний эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амссан хэрэг одоогоос зургаан жилийн өмнө 2011 онд гарч байсан юм. Иргэн Т.Уранчимэг нарын зургаан этгээд “Байгаль орчинд ээлтэй Эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний аж ахуй нэг байгууллагуудыг дэмжих” чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй “Байгаль эрдэнэ сан”, “Хас тэмүүлэл” төрийн бус байгууллагын дүрэмд заагаагүй буюу “380 мянган төгрөгийн монетон эдлэлийн сүлжээ”, “650 мянган төгрөгийн жижиг автомашины”, “1,3 сая төгрөгийн дунд оврын жийп автомашины”, “4 сая төгрөгийн орон сууцны” сүлжээнд хамруулж, “бага дунд орлоготой иргэдийг хямд үнэтэй автомашинтай болгох, орон сууцтай болгох хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийн дор 493 иргэнд гурван тэрбум 227 сая 700 мянган төгрөгийн хохирол учруулсан хэрэг гарч байсан. Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид тус залилангийн хэргийг илрүүлэн шалгасан байдаг.
Санхүүгийн пирамидтай холбоотой хэргээр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл / 148 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах/-ийн 148.4 зүйл ангиар 10 гаруй хүн ял шийтгүүлсэн гэсэн баримт байна.
Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4. Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Гэвч цагдаагийн байгууллагад санхүүгийн пирамидтай холбоотой, түүнээс болж хохирсон гэсэн өргөдөл, гомдол ирэхгүй бол хэрэг үүсгэж шалгах боломжгүй. Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудаас ганц Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагааг хориглоно” гэж заасан бий. Энэ нь бараа бүтээгдэхүүнээ эргэлтэд оруулах зорилгоор сүлжээ үүсгэдэг бизнесийг, зөвхөн мөнгө авдаг, амалдаг бизнесийг ч тэр аль алиныг нь хориглосон гэсэн үг. Харин иймэрхүү бизнес ямар ч хуульгүй мэт аашлан шинээр бий болж, нуран унаж, дахин босож ирж цэцэглэсээр л байна.
Санхүүгийн пирамидтай холбоотой хэрэгт богино хугацаанд маш олон хүн хохирч үлддэг. Гэртээ хүүхдээ хараад ажилгүй сууж буй эмэгтэйчүүд, оюутнууд, тэтгэврийн насныхан, овоо хэдэн төгрөгөөр элсэж чадах чинээлэг хүмүүсийг голлон онилдог “сүлжээчид”-ийн анхаарал монголчуудын уламжлалт цагаан сарын баяр дөхөж буй энэ үед ахмад настнууд руу чиглэж буй бололтой. Өмнө ч ахмадуудыг хуурч мэхлэх тохиолдол гарч байсан билээ. Тиймээс хэн ч байсан “Гэртээ зүгээр сууж бай, мөнгийг чинь өсгөөд өгье” гэдэг итгэмээргүй үгэнд итгэдэг гэнэн зангаа гээж, аливаа сүлжээ, санхүүгийн пирамидын хоосон, хуурмаг амлалтаас сэрэмжлүүлье.