Хүний амьдралд олон салаа зам таарна. Тэндээс хамгийн зөв зам бол гэртээ харих зам. Энэ бол *Хөх Монгол* компаний захирал *Шар* Энхээ буюу Эрдэнэбулганы Энхбатын хэлсэн үг.
Харамсалтай нь хүчний байгууллагынхан түүнийг гэртээ харих замд нь хоёр гурван ч удаа саад хийж зодоон нүдээний хэрэгт холбогдуулаад ажил, амьдралыг нь ажиг сэжиггүй хохироож байсан удаатай. *Шар* Энхээ ч өөрөө луугаруудын зодоон нүдээнд сэрдэгдэж мэдэхээр аатай цуутай атаман явсан хүн.
Шар Энхээ нь 50 мянгат буюу *Мангарын байрны* унаган хүүхэд юм. Хар багасаа л байрныхаа хүүхдүүдтэй зодолдож ноцолдож хэнд ч дээрэлхүүлддэггүй зоригтой шазруун шартай хүү байж. Найзууд нь түүнийг багаас нь шартай Энхээ гэж дуудсаар сүүлдээ Шар Энхээ гэдэг хочтой болжээ.
Шар Энхээ нь боксчин Олзод агсаны шавь мөн боксын спортын мастер гэдэгийг мэдэх хүн ховор байх. Бүр Хоршоолол нийгэмлэгийн аваргыг бүр хоёр гурван ч удаа хүртэж явсан юм. Мөн Улсын аваргаас хүрэл медаль хүртэл хүртэж явжээ.Тэр үед Шар Энхээ нь Хуулийн дундад сурч байжээ. Тэгээд боксын спортоор ч яваагүй, хуулийн сургуулиа ч төгсөөгүй юм.
Багаасаа л атаман байсан тэрээр атаман зангаа орхилгүй Мангарын бүлэгт хүртэл харьялагдаж явсан Шар Энхээ нь Мангарын Ариунболдтой нэг байр бөгөөд сайн найзууд юм. Цаад талын 24р байранд *Шөвгөр* Энхтайван *Шулга* Батбаяр *Рихард* Зоригоо нарын атаманууд байсан юм. Ганди сайдын төрсөн ах дүү нар болох Хүдэрчулуун Элдэв- Очир нарын атаманууд 50 мянгатад нэг хэсэг шуугиулж явсан юм. Цуутай атаман явсан мөртлөө өнөөдөр нэр нь гардаггүй хүн олон байдаг. Тухайлбал:
Улаанхуарангийн Сүхээ, Үйлдвэр комбинатын Маншир , Микрийн Гахай Хашаа, Хар Бороо , Хагархай Тамир, Бацаан Пүрвээ, Шигтгээ Болд, Галзуу Ганбаа, Татар Батсүх, түүний дүү Хөмсөг Суурь, Хар Гоогон гээд мундаг атаманууд зөндөө бий. Дээхэн үед 50 мянгатад Цэрэнпүрэв, Насантогтох нарын атаманууд байсан. Эд нарыг *Мангар* Чука залгаж авсан юм. Тэгээд л мангарын байрныхан гэдэг нэр томьёо үүссэн юм. Шар Энхээ ч түүнд нь хамрагдаж гар оролцож атамандаж явсан хүн. Хэнээс ч айдаггүй хэнтэй ч гар зөрүүлчдэг Шар Энхээгийн нэр зөвхөн 40 50 мянгат төдийгүй хотын бусад дүүрэгийн атамануудын дунд нэр нь хүрж танигдсан байв. Шар Энхээ нь атаман дундаа сийрэг ухаантай хөдөлгөөнтэй сэргэлэн нэгэн бөгөөд 1989 онд тэрээр видео кино гаргасан хэргээр 9н жилийн ял авсан юм.
Инээдтэй ч гэх юмуу эмгэнэлтэй ч гэх юмуу. Шар Энхээ нь видео кино гаргахдаа хүмүүст тасалбар олгохын тулд нэг тийм билет маягийн юм хийчихэж. Тэгсэн тэрийг нь үнэт цаасны хэрэг болгочихсон байгаа юм. Видео кино үздэг тэр тасалбараар автобусанд сууж болохгүй, дэлгүүрээс юм авж болохгүй, шатахуун түгээх станцаас бензин авч болохгүй. Ердөө л түүний гаргасан киног үзэж болно. Үнэт цаасны хэрэгт валют, мөнгө хуурамчаар үйлдэх, бензиний талон хуурамчаар үйлдэх гэх мэтийн зүйл анги багтдаг. Тэгтэл Шар Энхээгийн хийсэн тэр видео киноны билетийг үнэт цаасны хэрэгт хамруулчихаж. Нэг ёсондоо эд хөрөнгө хураагаад дээд хэмжээ авдаг зүйл анги өгчихсөн байна. Мөн түүнийг хээл хахуулын хэрэгт хамруулсан байна. Яагаад гэвэл албан газарын няраваас приставка, телевизорыг нь зээлээр авсан юм. Тэгтэл түүнийг албан тушаалтанд хахууль өгсөн гэжээ.
Шар Энхээ нь энэ мэтийн санал гомдолоо бүгдийг нь бичээд 1990 онд С.Зоригт гардуулсан юм. Зориг цааш нь Бархас гэдэг прокурорт танилцуулсанаар Шар Энхээ жил гаруй мөрдөнд суугаад суллагдсан юм. Зориг агсан ингэж Шар Энхээд тус болсон юм. Тэгээд тэр хоёр сайхан найзууд болсон гэдэг. Хэрвээ тэр үед ардчилал гарж ирээгүй бол Шар Энхээ шал утгагүй хэргээр 9н жил шоронд суух байлаа. Суусан бол тэрээр өдийх хүртэл өндөрлөгтөө хүрч чадахгүй шоронгийн овгор атаман гээд л дуусах байсан бизээ. Энэхүү хэрэг мөн зодоон нүдээн танхайн хэргээрэй Шар энхээ нь эрүүгийнхний хараанд аль хэдийн өртөж байнга сэрдэгддэг болсон бна.
Хүний амьдрал гэдэг сонирхолтой юм. Шар Энхээ нь Эрчим хүчний сайд асан Жигжидийн охинтой суусан бөгөөд ганзагын наймаанд одтой байж өнөөгийн өндөрлөгт хүрэх хөрөнгөө босгосон гэдэг, Шар Энхээ нь *Хөх Монгол* хэмээх хувийн компанаа байгуулж нэг хэсэгтээ л дураараа жаалж олон хүний атаа жөтөөг хүртсэн юм. Шар Энхээгийн эрүүгийн ертөнцөд түүх болон үлдэх алдартай хэрэг нь 1995 оны гүнтийн буудалцаан юм. Сонин, телевизээр ид шуугиж байх vедээ америкийн адал явдалт кино шиг л төсөөлөгдөж байлаа.
Энэ хэргийн талаар Шар Энхээ хэлэхдээ :"Гүнтийн буудалцааны эх үүсвэр хэрхэн яаж тавигдсаныг "Танк" Ганчимэг, "Соёлгүй" Соёлоо нар сайн мэднэ. Тэрнээс биш "Гүнтийн буудалцаан" гэгч нь Энхтайван бид хоёрын хооронд өрнөсөн хэрэг биш. Энэ хэргийг гарахаас өмнө Энхтайван бид хоёр уулзаж учирдаг, наймаанд хамт явдаг жирийн сайхан найз нөхөд байсан. Хамгийн гол нь "Соёлгүй" Соёлоо гэдэг нөхөр Энхтайваныг "Монгол хэвлэл" гэдэг газарт хүрээд ирэхээр нь зодчихсон юм. Үүнээс болж атаманууд хоёр хуваагдаад Зайсан толгой дээр гарч зодолдохоор болсон. Тэр үед 120 мянгатын атаман Итгэл хүртэл дуудагдаж ирсэн. Тэгээд Эрүүгийн цагдаад байсан Ганбатын дүү Таеквондогийн Ганзориг эд нар зодолдох юм болоод, тэр үед нь би хориглоод болиулсан юм. Үүний дараа би хэдэн нөхдийн хамт Гүнтийн амралт руу явсан. Тэнд очоод унтаж байтал Эрүүгийн цагдаагийн Ганбат, Чимэдийн Энхтайван нар цагдаагийн формтой баахан хүн дагуулаад ирсэн. Тэгээд л буудалцаан болсон. Миний унтаж байсан орны цаад талын хананд нүх гартал буудсан. Би ч өөдөөс нь "Эскиз" буугаараа дөрөв таван удаа буудсан. Юун сайн хүн алчихаагүй юм. Энэ буудалцаанаас би толгойгоо хагалуулаад салсан. Тэглээ гээд би хэн нэгэнд ямар ч өс хонзон санаагүй. Чимэдийн Энхтайван бол надад баярлаж явах ёстой л доо. Яагаад гэвэл Гүнтийн буудалцааны дараа Энхтайван миний өвөр дээр шал согтуу унаж байгаа юм. Би дөрвөн давхарын шатан дээр сууж байсан. Хажууд байсан хүмүүс над руу нүд ирмээд байгаа юм. Нэг ёсондоо өшөөгөө аваач ээ, шат руу унагачихаач ээ гэсэн дохио байсныг би ойлгосон. Гэсэн ч би хүн чанарын хувьд хэзээ ч ийм муухай юм хийхгүй л дээ. Эрүүл саруул байхад нь сайхан зодолдоно уу гэхээс биш ухаан мэдрэлгүй болчихсон байхад нь дөрвөн давхрын шат руу унагана гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ингэж хорлох нь эр хүний хамгийн муухай чанар. Энэ тухай би хожим Энхтайванд бас хэлж л байсан. Одоо бид хоёр сайхан харилцаатай байдаг" гэж билээ. Мөн Шар Энхээ нь 70-аад оны Хандгайтын зодоонд оролцсон хамгийн гол хүн, бас Центрпойнтын зодооны гол хүн гээд л Монголын түүхэнд гарж байсан ноцтой том зодоон болгонд энэ хүн орж байсан гэхээр яалтачгүй аатай атаман эр байсныг харуулж байна.