Онц их хэмжээний хохиролтой зохион байгуулалттайгаар үйлдсэн хулгайн гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Өнгөрөгч оны 11, 12 дугаар сар /2016.11,12/ болон энэ сард Хан-Уул дүүргийн дөрөв, долоо, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэдийн хувийн орон сууцнаас түүхийн ховор эд зүйл, үнэт эдлэл алдагдаж иргэдэд онц их хэмжээний /1 тэрбум гаруй төгрөгийн/ хохирол учирсан хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны алба хаагчид шуурхай ажиллан илрүүлж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Уг хэргийг Монгол Улсын иргэн 1977 онд төрсөн, эрэгтэй “Х” нь БНСУ-ын иргэн 1971 онд төрсөн “Б”-тай урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон бөгөөд хулгайд алдагдсан их хэмжээний үнэт эдлэл, түүхийн ховор эд зүйлийг сэжигтнүүдээс хураан авчээ. Эдгээр этгээд нь өөр хэд хэдэн айлаас хулгай хийхээр судалж байсан баримт шалгалтын явцад илэрсэн байна.
Иймд иргэд өөрийн болон өмч хөрөнгийн аюулгүй байдлыг хангах үүднээс хувийн нууц, эд хөрөнгөтэй холбоотой мэдээлэл, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн нийтийн хуудас, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхгүй байх, гэрийнхээ хаалга цонхны бэхэлгээг сайжруулах, дохиолол, хамгаалалт байршуулах. Орон сууцны Сууц өмчлөгчдийн холбоод хариуцсан нутаг дэвсгэрийнхээ оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.