Монголчууд эртнээс “Хулгай хар мөртэй” гэж ярьсаар ирсэн. Түүнийг илтгэх сургамжтай явдал өнгөрсөн ням гаригт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, “Нарантуул” захын хойд талын “Эм Ти” төвд гарчээ. Тус төвийн дөрөвдүгээр давхрын цонхоор Завхан аймаг Улиастай сумын харьяат 28 настай У гэх залуу унасан гэнэ. Тэрбээр хулгай хийхээр орсноо цагдаагийнханд мэдүүлжээ. Өдгөө тэрбээр ГССҮТ-ийн Яс, үений гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Сонгинохайрхан дүүргийн 19 хорооны хоёрдугаар байрны гадна байсан “Приус-20” маркийн машинаас хулгай хийж байсан хүмүүсийг цагдаагийнхан үйлдэл дээр нь баривчилжээ. Хүнсний дэлгүүр ажиллуулдаг С гэх эмэгтэйн машинаас 31 шил архийг нь тус дүүрэгт оршин суух 25 настай Н гэгч хулгайлж байсан гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр таван хүний аминд хүрсэн гэх дуулианд холбогдсон “Найрсаг” нэртэй архи тэнд байсан бөгөөд дэлгүүрийн эзэгтэй уг барааг буцаан хүргэхээр машиндаа ачсан байж.
Энэ өдөр “Буянт-Ухаа-2” хорооллын чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар хотоос гарч яваа “Приус-10” маркийн машиныг шалгаад их хэмжээний эд зүйл хулгайлсан залуусыг илрүүлсэн байна. Төв аймгийн Цээл суманд оршин суух хаягтай 36 настай Г, 33 настай Ц нар машиндаа усны 10 хос гутал, борооны 32 ширхэг цув, хөнжил гудас 20 хос, хоолны төмөр сав зургааг ачиж явсан байна. Нарийвчилсан шалгалт хийхэд Хан-Уул дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанийн ажилчдын байрны цоожийг эвдэж хулгайч орсон тухай мэдээлэл холбоогоор цагдаагийнханд ирснээр гэмт этгээдүүдийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст хүлээлгэн өгчээ.