Нас барсан иргэдийн цуснаас шил цэвэрлэгч шингэний найрлагад ордог метиллийн спирт илэрчээ. Тодруулбал, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын орлогч дарга Ганбаяр хэлэхдээ "БГД-ийн цагдаагийн I хэлтэсийн төлөөлөгч тогтоол ирүүлсний дагуу шинжилгээнд хамруулж, нас барсан иргэдийн биед задлан шинжилгээ хийхэд нас барсан иргэдийн цуснаас метиллийн спирт илэрсэн. Харин эсийн шинжилгээний хариу 7-14 хоногийн дотор гарна" гэсэн юм.
Мөн Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд хэлэхдээ "НИТХ-ын 19 дүгээр тогтоол гарч, гурав хоногийн турш архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон шийдвэр гаргасан. Харин тус гурван хоногийн хугацаанд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн дуудлага, гаралтыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулж үзэхэд, нийт дуудлагын тоо 402 буюу 22.5 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Гэмт хэргийн дуудлага 327 буюу 61.9 хувиар, зөрчлийн дуудлага 1641 буюу 39.3 хувиар тус тус буурсан.
Түүнчлэн хэргийн газраас олдсон эд зүйлсийг хураан авч шалгаж байгаа. Хэргийн газраас олдсон "Найрсаг" архийг үйлдвэрлэдэг "Мөнхжин-Од" компанид шалгалт хийж, нэгдүгээр сарын 17-нд үйл ажиллагааг нь хаасан. "ЖЕМ интернэйшнл"-ийн бүтээгдэхүүн болон "Найрсаг" архинд шинжилгээ хийж үзэхэд "Найрсаг" архины хатуулгийн стандартын хэмжээ бага гарч, "ЖЕМ интернэйшнл"-ийн бүтээгдэхүүнүүд стандартын шаардлага хангасан гэсэн дүгнэлт гарсан. Хэрэг явцын тухайд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа" гэлээ.