“Мөнхжин-Од” компанийн “Найрсаг” архийг уусан таван хүн өнгөрсөн даваа гаригт нас барж, нийслэлийн ИТХ-аас уржигдар оройны 18.00 цагаас энэ сарын 21-нийг хүртэл архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоод буй. Үүний дагуу дүүргүүдийн Мэргэжлийн хяналт болон Цагдаагийн хэлтсийнхэн хариуцсан нутаг дэвсгэрийнхээ баар, цэнгээний газар, дэлгүүрүүдэд дээрх тогтоолыг танилцуулж, согтууруулах ундаа худалдахгүй байхыг анхааруулж байгаа.
Гэвч уг шийдвэрийг цөөн хэдэн дэлгүүр, ресторан л хэрэгжүүлж байна. Хууль, журмыг ягштал биелүүлдэг байгууллагууд гэсэн үг. Харин дүрэм, журам зөрчдөг дэлгүүр, зочид буудалд архи худалдсаар байна. Мөн “шаг”-ийн наймаачдын бизнес ч “цэцэглэж” буй бололтой.
Баянзүрх дүүргийн XIII хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хаанчлал” зочид буудлынхан архи худалдаж байгаад цагдаагийнханд баригдав. Мөн “Баянзүрх” худалдааны төвийн дэргэдэх “Жулиа” төвд 17-18-нд шилжих шөнө согтууруулах ундаагаар үйлчилж байсныг тэд илрүүлжээ. Тус төв дотор минимаркет, караоке, ресторан үйл ажиллагаа явуулдаг. Үүдэнд нь хэсэг залуу тэр шөнө зогсож, хүмүүсээс ямар хэргээр явааг нь асуун, дотогш оруулж байсан гэнэ.
“18-нд шилжих шөнийн 02.00 цагийн үед ресторан нь дүүрч, нэмж хүн үйлчлүүлэх боломжгүй болсон байсан. Тамхи худалдаж авсан залуус нь шар айраг, архи авлаа гэж ярьж байна лээ. Өнөө шөнө ч гэсэн ажиллах байх” гэж гадна нь худалдаа эрхэлдэг хүн ярьсан юм.
Баянзүрх дүүргийн нутаг, XIII хороолол дахь найман нэрийн хүнсний нэгэн дэлгүүрийн худалдагч Б.Дариймаа “Энэ хавийн дэлгүүрүүдийн олонх нь архи зарсан шүү дээ. Орон сууцны хороолол доторх дэлгүүрийнхэн нь танил хүмүүсийнхээ гэрт архи оруулж өгч байсан” гээд архи худалдан авч болох нэгэн газрыг заасан юм. Тэр дэлгүүрийн худалдагч бүсгүй “Би түр зогсож байгаа юм. Эзэн нь удахгүй ирнэ. Ирэхээр нь ав” гэх нь тэр. Чингэлтэй дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Уянга” дэлгүүрийн эзэн н.Батболд “Нийслэлийн удирдлагуудын шийдвэрээс болж цөөнгүй хүн хохирлоо. Өдөржин лангууны ард суудаг бид “Архи зарахыг хориглосон шийдвэр гарсныг яаж мэдэх билээ. Өчигдөр (уржигдар) оройн 22.00 цагт цагдаагийн албан хаагчид ирж шийдвэрийг нь танилцуулсан” гэв.
Түүн шиг шийдвэрийг нь сонсоогүйгээс архи зарж байсан дэлгүүрийн эзэд “Зөрчил гаргасан дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг цуцална гэж байсан. Хэрэв ингэвэл бид тэмцэнэ. Орой гэртээ хариад зурагт үзэж, мэдээлэл авдаг хүмүүс хориглосон шийдвэрийг нь яаж мэдэх юм бэ. Үнэндээ энэ удаа дуулгавартай нь орлогогүй хоцорч, хоригийг үл тоосон нь хэд дахин их ашиг олж байна шүү дээ” гэж ярив.
Үнэхээр нийслэлийн ИТХ-ын тогтоолын “буян”-аар зарим хүмүүс хэтэвчээ зузаатгаж буй. Олон нийтийн сүлжээнд байрлуулсан “Гэрийн хаягаар “хүслийн ундаа” хүргэнэ” гэсэн зарын дагуу өчигдөр 15.40 цагийн үед 886004хх дугаарын утсаар холбогдоход “0.5 литрийн “Экс” архи, 2.5 литрийн “Касс” шар айраг байна. Архи нь 20, шар айраг нь 10 мянган төгрөг. Гэрийн хаягаа хэлчих, нэг цагийн дараа очъё” гэв.
Энэ мэтээр хаягаар архи хүргэхээс гадна машиныхаа тээшийг архиар дүүргэн, борлуулж эхэлсэн байна. Хан-Уул дүүргийн иргэн Б тээшиндээ ОХУ-д үйлдвэрлэсэн 12 шил архи, Баянгол дүүргийн иргэн А 0.5 литрийн савлагаатай “Соёрхол” гурван шил, 2.5 литрийн “Сэнгүр” шар айраг 12-ыг худалдаж байхад нь цагдаагийн албан хаагчид илрүүлсэн аж. Тэд архи, шар айргаа үндсэн үнээс нь нэг дахин нугалж борлуулж байжээ.