Зайсан дахь хаус, орон сууцнуудаас хулгай хийдэг хоёр хүнийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн баривчилсны нэг нь БНСУ-ын иргэн байсан тухай мэдээлэл бидэнд ирлээ. Цагдаагийнхан уг мэдээллийг нэлээд нууцалж буй бөгөөд “Бусад холбогдогч, үйлдлийг нь гүйцэд тогтоогоогүй учраас хэлэх боломжгүй” гэж тайлбарлаж байгаа юм. Бидний авсан мэдээллээр солонгос эр, манай улсын харьяат нэг залуутай хамтран хулгай хийж байсан нь тогтоогдсон аж.
Тэдний иргэдэд учруулсан хохирлын хэмжээ нэлээд өндөр гэнэ. Уг хоёр этгээдэд эд зүйлээ алдсан хүмүүсийн дотор УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалай, цагдаагийн эрх бүхий албан тушаалтан байгаа аж. Л.Гүндалайгийнхаас 10 гаруй тооны эртний бурхан хулгайлсан нь тогтоогдсон гэдгийг прокурорын байгууллагын эх сурвалж бидэнд хэллээ.