С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн, амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн хэргээр 24-25 жилийн хорих ял сонссон Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гэр бүлийнхэн өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэд давж заалдах шүүх хурлыг нээлттэй явуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүслээ. Тодруулбал, анхан шатны шүүхээс 24-25 жилийн ял оноосныг шударга бус хэмээн үзэж буйгаа мэдэгдээд, төрийн эрх баригчдаас давж заалдах шүүх хурлыг нээлттэй шударга явуулахыг болон Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг байцаалтын явцад батлан даалтад гаргахыг хүсч буйгаа мэдэгдсэн юм. Мөн түүнчлэн тус хэргийн цорын ганц гэрч болох С.Зориг агсны гэргий Д.Булганыг шүүх хуралд оролцуулахыг шаардлаа. Тэдний үзэж буйгаар "Д.Булган нь хэрэгт сэжигтнээр татагдаад буй Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэрэгтэн биш, хэрэг гарах үед хэргийн газар дээр байгаагүй гэж баталсан учраас шүүх хуралд оролцуулсангүй гэж үзэж байна. Энэ бүх нөхцөлүүдийг аваад үзэхээр үнэхээр энэ хэргийг хүчээр хаах гэсэн увайгүй үйлдэл, гүтгэлэг гэдэг нь харагдаж байна" гэсэн юм.
О.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа хэлэхдээ "Тухайн хэрэг гарах үед миний хүү 22 настай байсан. Яг тэр мөчид аавтайгаа хамт бухалдсан өвсөө хашаандаа татах гээд трактороор ачиж явсан. Үүнийг хажууд нь байсан би гэрчилнэ. Ер нь С.Зоригийг хөнөөх ямар шаардлага байгаа юм бэ. Тэглээ гээд бидэнд ямар "хэрэгтэй" юм бэ. Миний хүү ямар ч буруугүй. Мөн 1998 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн "Ардын эрх" сонины дугаарт Д.Булганы мэдүүлэг гарсан байсан. Тус мэдүүлэгт "Эмэгтэй нь 165 см орчим өндөртэй, эрэгтэй нь 155 см-ийн өндөртэй хоёр хүн байсан гэж ярьсан байсан. Гэтэл миний хүү тухайн үед 180 гаруй см-н өндөртэй улаан царайтай туранхай өндөр хүү байсан. Анхны мэдүүлэгтэй нь огт таарахгүй байгаа юм. Эндээс шууд гүтгэлэг гэдэг нь харагдаж байна" гэлээ.