Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Буданттээл гэдэг газраас гар аргаар алт олборлож байсан хоёр хүн өнгөрсөн баасан гаригт амиа алджээ. Тэдний ухаж байсан нүхний ханаар хажуу талынх нь хиймэл нуурын ус нэвчин орж ирж, цооногийг усаар дүүргэжээ.
Талийгаач 26 настай Э, 28 настай Т нь Орхон багийн харьяат. Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 гаруй албан хаагч тэдний цогцсыг гаргахаар ажиллаж байгаа аж. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбаатараас тодруулахад “Орхон багт гар аргаар алт олборлодог хүн олон бий. Үүнийг дагаад алт угаах хиймэл нуур ихтэй. Талийгаач нар долоон метр гүн, таван метр өргөн нүх ухсан байсан.
Гэтэл ухсан нүхний хананаас хиймэл нуурын ус олгойдож, дүүргэсэн юм билээ. Манай аврагчид тэрхүү хамгаалалтгүй нарийн цооногийн бохир усыг шавхаж байна. Цооногийн гүнд хад чулуу нурсан байж болзошгүй учраас аврагчид доош ороогүй. Эхлээд нуурын мөсийг хагалж, усыг нь шавхсаны эцэст л цогцсуудыг гаргах боломжтой” гэв.