Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байсан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж асан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хар тамхи, авлигын хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн лхагва гаригт хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэлийн прокурорын газраас Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Х.Тамир нарыг хилээр хар тамхи хууль бусаар их хэмжээтэй оруулж ирсэн, мөн уг хэргээс гадна Х.Тамирыг мансууруулах бодис хэрэглэсэн, албан үүрэгтээ хайнга хандсан, хээл хахууль авсан хэмээн буруутгасан юм.
Дээрх хүмүүст хар тамхийг нь авчирч өгсөн Б.Сүхбаатарыг хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн ч түүндээ ял шийтгүүлээгүй, мансууруулах бодис хууль бусаар олж авсан, хилээр оруулж ирсэн, Л.Жавхланг зам тээврийн ослын газрыг санаатай орхисон, хахууль өгсөн хэмээн буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн юм. Б.Амарбаясгалан, Х.Тамир, Б.Сүхбаатар нарыг ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн Говьсүмбэр аймагт саатуулах үед прокурорын машиных нь тээшнээс олон хавтаст хэрэг гарсны нэг нь Л.Жавхлангийнх байсан аж.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат нарыг хар тамхи хилээр оруулсан гэм буруутайд тооцоод, борлуулах зорилгогүйгээр олж авсан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ. Ингээд тэдэнд таван жил хоёр сар хорих ял шийтгэв. Х.Тамирын хар тамхи хилээр оруулсан, борлуулах зорилгогүйгээр олж авсан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, албан үүрэгтээ хайнга хандсан, 15.8 сая төгрөгийн хахууль авсныг нь гэм буруутайд тооцжээ.
Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд албан үүрэгтээ хайнга хандсан хэргийг нь хамруулсан бөгөөд хахуульд авсан 15.8 сая төгрөгийг Х.Тамираас гаргуулж улсын орлого болгож, 500 мянган төгрөгийн эд хөрөнгө хураан, таван жил нэг сар хорих ял оноолоо. Б.Сүхбаатарыг хилээр мансууруулах бодис нэвтрүүлсэн, борлуулах зорилгоор олж авсан нь тогтоогдсон гэж үзээд зургаан жил хорихоор болжээ.
Шүүгдэгч Л.Жавхлангийн хувьд урьд нь хүний амь бүрэлгэсэн хэрэгт 15 жил ял шийтгүүлж, хоёр жил долоон сар 17 хоногийн өмнө тэнсэн суллагдсан нэгэн аж. Тэрбээр тэнсэнтэй байх хугацаандаа зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зугтсан бөгөөд дээрх хуульд уг ослын хэрэг, хахууль өгсөн үйлдлийг нь хамруулан хэрэгсэхгүй болгожээ. Ингээд хүн амины хэрэгтээ эдлээгүй үлдсэн хоёр жил гаруйн хугацааг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн аж. Дээрх хүмүүст ногдуулсан ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон гэнэ.