Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газрыг энэ сарын 10-ны үдэш зэвсэглэсэн этгээдүүд дээрэмджээ. Хар хүрэмтэй 170 орчим см өндөртэй 25 орчим насны хоёр залуу байсан талаар ломбардыг ажиллуулж байсан хүн цагдаагийнханд мэдүүлсний зэрэгцээ хяналтын камерт нь тэдний дүрс бичигдэж үлджээ.
Зэвсэгт дээрэмчид тэнд ажиллаж байсан 30 настай Г гэх эмэгтэйг сандалтай нь хүлээд 1.1 сая төгрөг, 31 ширхэг гар утас, алт, үнэт эдлэл гээд нийт 15 сая төгрөгийн хохирол учруулсан гэнэ. Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн уг хэргийн мөрөөр шуурхай ажиллаж, Улаанбаатар хотын харьяат 1982 онд төрсөн Т, Сэлэнгэ аймгийн харьяат 1990 онд төрсөн Г, Ц нарын гурван хүн үйлдсэнийг тогтоон хоёрыг нь саатуулж, нөгөөг нь эрэн сурвалжилж байгаа аж.
Эрүүгийн хуулийн 147.2-т заасан бусдын эд хөрөнгийг бүлэглэж зэвсэг ашиглан дээрэмдсэн гэсэн үндэслэлээр тэдэнд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэнэ. Сэжигтэн хоёр этгээдийн нэг Т нь бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн хэрэгт өмнө нь ял шийтгүүлж байсан бол Г нь дээрмийн хэрэгт шалгуулж байхдаа энэ төрлийн хэрэг дахин үйлджээ.