Хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хууль бус үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нягтлаад багагүй хугацаа өнгөрч байна. Улсын ерөнхий прокурорын тушаалаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүсийг шалгах ажлын хэсэг байгуулахаар болсон.
Тэгвэл ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөрийн тушаалаар энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгах ажлын хэсэгт ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах газар, орон нутгийн Цагдаагийн газар хэлтсийнхэн багтаж буй гэнэ. Тэдний шалгах баримтжуулах гол зүйл нь Хөгжлийн банкаас санхүүжүүлсэн ажлуудыг шалгаж, санхүүгийн гүйлгээнүүд нь хуульд нийцсэн эсэх, мөнгө угаасан үйлдэл буй эсэхийг тогтоох АТГ-ынханд дэмжлэг үзүүлэх юм байна.
Уг хэрэгт холбогдсон хүмүүс нийлж, албан тушаалаа урвуулан Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулаад, бондын хөрөнгөөс онц их хэмжээгээр завшсан нь АТГ-ынхны шалгалтын явцад ил болоод буй билээ. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг УИХ жил бүр Хаврын чуулганаараа батлах хуультай ч энэ заалтыг 2012 оноос хойш огт мөрдөөгүй. Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж, УИХ-аас батлаагүй, хэлэлцээгүй төслийг санхүүжүүлж байсан нь тодорхой болсон юм. Тухайлбал, Яармаг дахь орон сууцны хороололд санхүүжилт олгохдоо Засгийн газрын тогтоол гаргалгүй, УИХ-аар батлуулалгүй Хөгжлийн банкнаас гаргасан нь тодорхой болсон байдаг.