Өнөө жил Улаанбаатар хотод ноцтой хэрэг хэд хэд гарч, гэмт этгээдийг эрэн сурвалжилсаар байв. Тэгвэл цагдаагийн албан хаагчид зарим хүнийг баривчилжээ. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард нийслэлийн Баянзүрх дүүргийн VII хорооны нутагт М гэх жирэмсэн эмэгтэйг боомилж, хөнөөсөн этгээдийг хэд хоногийн өмнө саатуулсан юм.
Долоон сартай ураг тээж явсан түүнийг Сүхбаатар дүүргийн XIII хороонд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 1982 онд төрсөн М гэгч залуу хөнөөсөн байжээ. Мөн энэ сарын 17-18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн XII хороон дахь “Акума” төвийн урд талын жалганд 60 настай И хэмээх эмэгтэйг дээрэмдэж, амийг нь бүрэлгэсэн этгээдийг ч саатуулжээ. Уг хэргийг Баянхонгор аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй, 1991 онд төрсөн Т гэх залуу үйлдсэн гэнэ.
Үүнээс гадна урьдчилан үгсэж, 21 удаа дээрэм хийсэн бүлэг залуусыг саатуулжээ. Г, Н, А, Т, Э нарын 18-25 насны залуус Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шөнө ганцаараа явж байгаа иргэдийг араас нь боож унаган, бүлэглэн зодож, айлган сүрдүүлэн эд зүйлийг нь дээрэмддэг байсан гэнэ. Тус дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн албан хаагчид өнгөрсөн 25-нд тэднийг баривчилсан байна.