Ерөнхий сайдад нэр нь яригдаж байсан УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зоригийг хөнөөсөн хэргийг үйлдсэн гэх хэрэгт холбогдсон гурван хүний гэм буруутай эсэхийг дөрвөн өдөр хэлэлцэж, тав дахь өдөр нь шүүх шийдвэрээ гаргалаа. Үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашиг, улсын нууц тай холбоотой зүйл яригдах учраас хаалттай хийж улсын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж энэ хэргийг шийдвэрлэсэн гэж шүүхийнхэн тайлбарлаж буй.
Шүүх бүрэлдэхүүн Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хаалттай хэлэлцсэн учраас шүүгдэгч нарын ар гэрийнхэн төдийгүй жирийн иргэдийн дунд ч хардлага төрүүлсээр байгаа юм. Түүгээр зогсохгүй хохирогчийн төлөөлөл болсон, УИХ-ын гишүүн асан С.Оюун ч хаалттай хэлэлцэж буйг эсэргүүцээд шүүх хуралд очиж, эрхээ эдлээгүй юм билээ.
Тиймээс олны дунд энэ хэргийг үнэн зөв шийдсэн, эсэх нь эргэлзээтэй үлдэж байна. Уг нь шүүх бүрэлдэхүүн нууцтай холбоотой ярих хэсэгт нь сэтгүүлчдийг гаргаад, бусад үед нь нээлттэй хэлэлцсэн бол цагдаа, тагнуулынхан 18 жил хөөцөлдсөн хэргээ үнэхээр илрүүлж чадсан, эсэхэд нь дүн тавих байв.
Шүүх хурлыг даргалагч М.Алдар шийтгэх тогтоол танилцуулахдаа дээрх гурван шүүгдэгчийг “захиалгаар, шунахайн сэдлээр, бусдыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, насанд хүрээгүй хүнийг уруу татаж оролцуулан хүн хөнөөсөн гэм буруутайд тооцсугай” гэж уншсан юм. Захиалгаар хүний амийг бүрэлгэсэн гэхээр захиалагч байж таарах нь. Тэр нь хэн бэ гэдгийг шүүх бүрэлдэхүүн тогтоосонгүй юу, цагдаа, тагнуулын хамтарсан ажлын хэсгийнхэн олж чадсангүй юү, үүнийхээ гогцоог Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тайлсангүй нь 18 жил хүлээсэн иргэдийн итгэл рүү ус цацаж орхив.
Улстөрчийг хэн нэгний захиалгаар хөнөөсөн бол уг нь зүйлчлэл нь өөр, Эрүүгийн хуулийн 81.2-т заасан “Улс төрийн үйл ажиллагаанд нь саад учруулах, Монгол Улсын засаг төрийг бусниулан доройтуулах зорилгоор улс төр, олон нийтийн үйл ажиллагаатай нь холбогдуулан төр, нийгмийн зүтгэлтнийг бүрэлгэсэн бол 15-аас дээш 25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ” гэснийг үндэслэн ял шийтгэх байсан нь лавтай.
Гэвч энэ бол ахуйн хүрээнд гардаг жирийн л аллага гэсэн атлаа хаалттай хэлэлцсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудад нь улсын нууцтай холбоотой зүйл бий гэж прокурор, шүүгч нар дүгнэсэнтэй холбоотой юм билээ.
Дөрвөн өдөр үргэлжилж, уржигдар орой (даваа гаригийн 21.00 цаг) шүүгдэгчдийн эцсийн үгийг сонссоноор завсарлаж, зөвлөлдөж эхэлсэн юм. Гэвч 22.00 цаг хүрсэн учраас зөвлөгөөнөө түр завсарлаж, өчигдөр 10.00 цагаас үргэлжлүүлсэн. Ингээд 12.55 цагт шийтгэх тогтоол уншиж танилцуулсан юм. Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг насанд хүрээгүй хүн уруу татаж, шунахайн сэдлээр, захиалгаар, өөр гэмт хэргийг нуун дарагдуулж, хялбарчлах зорилгоор бүлэглэж, давтан, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, хоёроос дээш хүний амь хөнөөсөн гэж буруутган, 25 жил хорих ял ногдууллаа.
Түүгээр зогсохгүй дээрх хоёр хүнийг онц аюултай гэмт хэрэгтэн гэж тооцсон юм. Түүний 23 жилийг нь гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх болов. Т.Чимгээг мөн л насанд хүрээгүй хүнийг уруу татсан, хүний амь захиалгаар хөнөөсөн гэм буруутайд тооцон 24 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 2010 онд Орхон аймгийн шүүхийн шийтгэх тогтоолоор Ц.Амгаланбаатарт ногдуулсан 25 жилийн ялын эдлээгүй үлдсэн 16 жил, долоон сар ес хоногийг нь нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 25 жилээр тооцов.
Тэднээс хохирогч С.Оюун, Б.Хишгээ, М.Амаржаргал нар ямар нэг хохирол нэхэмжлээгүй байна. Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвлэлийнхнээс сонссон Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, уйлж байсан юм. Тэрбээр “Шударга шүүх, шүүгч гэж үнэхээр байхгүй нь. Шударга төр ч байсангүй. Энэ хэргийг шударга шүүх байх гэж бодож, хүлээцтэй хандсан. Ийм шийдвэр гарсанд гомдолтой байна. 1998 оны аравдугаар сарын 2-нд хадлан хадаад хажууд байсан хүүг минь худал гүтгэж, хилс хэрэгт холбогдууллаа. Ард түмэн үүнийг мэдэж байгаа. Ц.Элбэгдоржийн өгсөн үүргийг түүний томилсон шүүгч М.Алдар гүйцэтгэлээ” гэв.
Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн “Шүүх юу хийж байгаа юм бэ. Нэг шоронгийн хулгай чийн үгээр ард иргэдээ шүүдэг төр, улс гэж байдаг юм уу. Захиалагч нь хаана байна, энэ хэргийн. Ганц амьд гэрч болох С.Зориг агсны эхнэр Б.Булганыг гэрчээр оролцуулдаггүй шүүх хурал гэж байдаг юм уу. Бид гомдолтой байна” гэж хэллээ. 18 жилийн өмнө гарсан хэргийг цагдаа, тагнуулынхан үнэхээр илрүүлэв үү, улс төрийн шоу байсан уу гэдгийг цаг хугацаа харуулна. Магадгүй 60 жилийн дараа, хэрэг улсын нууцын жагсаалтаас гарсан хойно үр хойчис маань ямар нэг дүгнэлт хийх байх.