“Боярышник” (Долоогоно) гэдэг гоо сайхны бүтээгдэхүүнд 100 гаруй хүн хордсон хэрэг ОХУ-ын Эрхүү хотын Новоленино дүүрэгт гараад байна. Одоогоор 58 хүн амиа алдаж, 40 гаруй хүн хордлого тайлах эмчилгээ хийлгэж буй ч 13-ынх нь бие маш хүнд байгаа аж. Энэ сарын 17-ноос эхлэн хүмүүс хордлогод орон, эмнэлэгт хандаж эхэлжээ. Тэд усанд орсны дараа биедээ түрхдэг бүтээгдэхүүн уусан байна. Уг бүтээгдэхүүнийг зарсан 11 хүнийг баривчлан, жижиг захуудаас 6500 литр ийм шингэн хураагаад байна.
Энэ бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирээгүй гэх баталгаа үгүй. Тиймээс “Боярышник” гэсэн нэртэй, орос хэлээр бичсэн шошготой шингэн уухгүй байхыг сануулъя. Метилийн буюу техникийн спирт, антифриз буюу машинд хийдэг, хөлддөггүй шингэн агуулсан энэ бүтээгдэхүүний шошго дээр этилийн спирт гэж худал бичсэн бөгөөд “Ууж хэрэглэвэл аюултай” гэсэн анхааруулга байдаг ч оросууд уучихжээ. Гэтэл орос хэл мэддэггүй монголчууд бүр ч мэдэлгүй уух эрсдэлтэй. Хилээр нэвтрүүлж буй хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах ундаанд тавих хяналтаа МХЕГ улам чангатгажээ. Эрхүүд гарсан хэрэгтэй холбогдуулан, МХЕГ-аас “Боярышник”-ийг хилээр нэвтрүүлэхийг хориглолоо.
Уг нь ГЕГ-ын даргын 2008 оны 468 дугаар тушаалын дагуу иргэдэд гадаадаас нэг удаа хувийн хэрэгцээндээ зориулан нэг литр архи, хоёр литр дарс, гурван литр шар айраг оруулж ирэхийг зөвшөөрсөн. Гэвч энэ хэмжээгээ хэтрүүлэх, нууцаар оруулахыг завдах зөрчил гарсаар байгаа аж. “Боярышник”-ийг үйлдвэрлэж байсан цехэд “Белая береза”, “Царская водка”, “Пшеничная”, “Финское серебро” гэдэг нэртэй архи, дарс байжээ. Тэдгээрийг цагдаагийнхан хурааж аван, ямар спиртээр үйлдвэрлэснийг тогтоохоор шалгуулж байгаа аж. Эдгээр архийг нууцаар Монголд оруулж ирсэн байж ч мэдэх юм.