УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутгаж буй. Тэдний гэм бурууг хэлэлцэх хурал өчигдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хурлын танхимд эхэллээ.
Уржигдар, шүүгдэгчийн өмгөөлөгч, ар гэрийнхнээс нь хүсэлт тавьсан бөгөөд хурлын эхэнд түүнийг хэлэлцэж, хойшлуулж болзошгүй гэж байсан. Гэвч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг нь хүлээж авалгүй хурлаа үргэлжлүүлсэн юм.
Ингээд улсын яллагчаар оролцож буй НПГ-ын хяналтын прокурор Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар шүүгдэгч нарыг буруутгаж буй яллах дүгнэлтээ уншлаа. Гурван шүүгдэгч тус бүрийг 1986 болон 2002 оны Эрүүгийн хуулийн зүйл заалтаар буруутгасан юм. Тэд дөрвөн цаг гаруйн турш дүгнэлтээ ээлжлэн уншсан.
Шүүх хуралд гэрчээр оролцуулахаар дуудсан хүмүүсээс Г.Чулуунбат, Б.Давааням нар танхимд ирсэн байв. Хохирогчоор талийгаачийн дүү С.Оюуныг оролцуулна гэж шүүх хурлын зар дээр бичсэн боловч тэрбээр танхимд ирээгүй. Гэрч, бас нэг хэсэг сэжигтэн, яллагдагчаар татагдаад байсан Д.Булганыг оролцуулах санал өмгөөлөгч нар тавьсан гэх мэдээлэл буй ч тэрбээр огт үзэгдсэнгүй. Харин шинжээчээр тухайн үед ШШҮХ-д ажиллаж байсан, хурандаа Ч.Алтанхишиг тэргүүтэй гурван хүн оролцож байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцэж буй энэ хэргийн шүүх хурал өчигдөр гурван шүүгдэгчийн мэдүүлэгтэй танилцсанаар дууслаа. Эх сурвалжуудын мэдээлснээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар мэдүүлэг өгөхдөө “Ц.Амгаланбаатарын гүтгэлгээр хэрэгтний ширээнд сууж байна” гэсэн бол уг хоёр хүний ар гэрийнхэн нь ч “Хүн амины хэргээр ял эдэлж буй Ц.Амгаланбаатар хэрэг наймаалцаж, тэднийг гүтгэсэн” гэж буй юм. Шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас нотлох баримт шинжлэн судалж үргэлжилнэ.