Өнөөдөр Улаанбаатар хотын цагдаагийн газраас Улаанбаатар хотын хэмжээнд автомат тоглоомын /мөрийтэй тоглох/ үйл ажиллагаа эрхэлж байсан аж ахуйн нэгжүүдийг шалгасан, 2016 оны 12 дугаар сард архи согтууруулах ундаатай холбоотойгоор үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд дарга Ү.Хосбаяр хэлэхдээ “Нэгдүгээрт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүргийн дагуу арваннэгдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд автомат, цахим тоглоом нэрийн дор үйл ажиллагаа явуулж байсан газруудад шалгалт хийлээ. Үүний үр дүнд хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр автомат тоглоомын үйл ажиллагаа явуулж байгаа 25 газрыг шалгаж, харъяалагдах прокурорын газрын зөвшөөрлөөр 19 автомат тоглоомын газрын 149 ширээ, бусад эд зүйлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 133, 134 дүгээр зүйлд зааснаар хураан авч, эд хөрөнгийг битүүмжиллээ. Мөн шалгалтад хамрагдсан 16 аж ахуйн нэгжүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Нийслэлийн соёл урлагийн газраас автомат болон цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай өгсөн. Энэхүү зөвшөөрлийг 2016 оны тавдугаар сарын 1-нээс хүчингүй болгосон. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод ямар нэгэн хэлбэрээр автомат болон цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явагдах учиргүй.
Хоёрдугаарт, шинэ жилийн баярын арга хэмжээ эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын хэмжээнд пиротехникийн нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран хэрэгжүүлэн ажиллаж байна. Чанарын шаардлага хангаагүй, стандартын бус пиротехникийн хэрэгслүүдийг гар дээрээс худалдан авч, үүнээсээ болоод эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол урьд өмнө нь цөөнгүй удаа гарч байсан учраас энэхүү болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд тус арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Одоогоор пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй худалдсан зөрчил илрээгүй, шалгалтын ажил үргэлжилж байна.
Гуравдугаарт, архи болон согтууруулах ундааны үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж байна. Шалгалтанд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг 4079 аж ахуйн нэгж хамрагдлаа. Шалгалтын хүрээнд нийт 49 зөрчлийг илрүүлсэн. Үүнд:
- 21 нас хүрээгүй хүн архи, согтууруулах ундаа худалдсан зөрчил 7
- Архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдсан зөрчил 42 илэрсэн юм" гэлээ.