Монголбанк болон ЦЕГ-ынхан мөнгөн дэвсгэрт хуурамчаар үйлдэж, зах зээлд нийлүүлсэн залуусыг баривчилсан талаараа өнгөрсөн баасан гаригт мэдээллээ. 35 хүртэлх настай, компьютер графикийн мэргэжил эзэмшсэн залуус Монгол Улсын мөнгөн дэвсгэртийг дуурайлган хэвлэж байжээ. Энэ оны эхний 11 сард хуурамч 10, 20 мянган төгрөгийн дэвсгэрттэй холбоотой 259 гомдол цагдаагийн байгууллагад иржээ. Түүний 37-д нь эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцааж эхэлсэн байна. Энэ талаар ЦЕГ-ын ахлах мэргэжилтэн, хошууч Ё.Лхагвасүрэн “Хуурамч дэвсгэрт хяналтаас гарсан гэж ойлгож болохгүй. Илэрсэн хуурамч дэвсгэрт бүрийг хураан авч, шалгаж буй. 2015, 2016 онд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөнгөн дэвсгэртийг гар аргаар, дуурайлган хийж байсан хоёр бүлгийн 10 орчим хүнийг илрүүлж, шалгаад Прокурорын газарт хэргийг нь хүргүүлсэн. Мөн тэдний хийсэн 10 гаруй сая төгрөгийн хуурамч дэвсгэртийг устгасан” гэв.
Ихэвчлэн хүнсний жижиг дэлгүүр, түргэн үйлчилгээний цэгээс хуурамч дэвсгэртээрээ бүтээгдэхүүн худалдаж авдаг аж. Тэгвэл ийм дэвсгэртийг хэрхэн таних талаар Төвбанкны эдийн засагч Б.Сандагсүрэн “Одоогийн хуурамч дэвсгэртүүдийг энгийн нүдээр хараад мэдэж болно. Барихад цаас нь өөр, дүрснийх нь хэлбэр бүдэг байдаг” гэв.
Тиймээс зах зээлд нийлүүлсэн хуурамч дэвсгэртийг хараад л мэдэх боломжтой. Харин сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй арилжааны банкууд тоологч машины тусламжтайгаар хуурамчийг ялгадаг гэнэ.