Мэргэжлийн хяналтын ерөнхий газраа хэрэгжүүлж буй “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” сарын аяны хүрээнд шинэ жилийн баярыг угтан шалгалт хийлээ.
Эл шалгалтад худалдааны 334, хоол үйлдвэрлэлийн 84 нийт 418 байгууллагыг хамруулж, нийт 296 зөрчил илрүүлэв.
Шинэ жилийн баяр тохиож байгаатай холбогдуулан хүүхдийн бэлгэнд хугацаа нь дууссан болон сав баглаа боодол нь урагдсан печень чихэрийг багцалж боосон, түргэн гэмтэх бүтээгдэхүүн болох өндөг, бялууг ил задгай лангуу тавиур дээр овоолон худалдаалсан, хиамны үйлдвэрлэсэн он, сар, өдрийг тэмдэглээгүй худалдаанд гаргасан зөрчлүүд Нарантуул трейд ХХК-ийн “Нарантуул”, “Барс”, “Хархорин” худалдааны төв, “Алтжин санаа” ХХК-ийн “Алтжин” худалдааны төв, “Эрдэнэбулган” ХХК-ийн “Содон”, “Эрдэнэбулган” худалдааны төвүүдэд илэрсэн байна.
Худалдаалж буй болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор хүнсний бүтээгдэхүүний 49 дээжийг мал эмнэлэг, ариун цэврийн болон хими, нян судлалын лабораторид шинжлүүлэхэд таван дээж нь стандартын шаардлагад нийцэж, бусад дээжийн хариу одоогоор гараагүй байгаа аж.
Мөн шалгалтын үеэр “Мон-Үр кек” ХХК, “Өгөөмж-Архад” ХХК-ийн үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй 10 нэр төрлийн 47 ширхэг 104350 төгрөгийн үнэ бүхий бялуу, бялууны төрлийн бүтээгдэхүүн, “Хос ивээл” ХХК-ийн үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй 18800 төгрөгний үнэ бүхий 2.35 кг “Зочин” “Чанамал” хиам, нийт 11 нэр төрлийн 2.35 кг, 47 ширхэг, 123150 төгрөгний үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй, шошгоны шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг худалдаалж байсныг татан авхуулж, зөрчлийг арилгуулсан байна.