Хурдан морь унадаг хүүхдүүдийг гадаадад аваачин, уралдаанд оролцуулдаг болжээ. Энэ онд Улсын баяр наадам болон 20 аймаг, 295 сумын наадам, тэмдэглэлт ойн үеэр 64.355 хүүхэд морь унаснаас 432 нь унаж гэмтэн, нэг нь нас баржээ.
“Өвөрмонголд хурдны морь унуулна” гэсэн зар Өвөрхангай аймагт гарсан аж. Үүний дагуу ХЭҮК-ынхон Гадаадын иргэн харьяатын газар болон цагдаагийн байгууллагатай хамтран шалгаад БНХАУ-д очиж, хурдан морь унахаар 23 хүүхэд хил давсныг тогтоосон байна. Энэ талаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржоос тодруулахад “Хил давсан хүүхдүүдийн олонх нь Дорнод, Сүхбаатар, Дундговь аймгийнх. Тэд бүгд эх орондоо эсэн мэнд эргэж ирсэн.
Гэхдээ хүний нутагт очоод ямар ажил хийснийг бид мэдэхгүй. Хүний наймаанд ч өртөж болзошгүй. Тиймээс хүүхдүүдээ морь унуулахаар хилээр гаргахгүй байх ёстой. Нэгэнт хил давчихвал бид ямар ч арга хэмжээ авч чадахгүй. Тэд амьдралын боломж муутай айлын хүүхдүүд байсан” гэлээ. Тус комиссын Гомдол, хяналт, шалгалтын хэлтсийн ахлах референт Л.Дүгэрсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-23 биш, 169 хүүхэд хурдан морь унахаар Хятад руу гарсан гэх мэдээлэл байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Дорнод аймгийн Хавирга, Сүхбаатар аймгийн Бичигт боомтоор энэ оны 5-9 дүгээр сард хүүхдүүдийг хурдан морь унуулахаар БНХАУ руу гаргасан байдаг. Тэдгээр хүүхдийн зарим нь хил гараад 1-2 хоноод буцаж ирсэн байхад олонх нь 1-3 сарын хугацаагаар тус улсад амьдарсан гэсэн мэдээлэл бий.
Бичигт боомтоор хил давсан хүүхдүүдийн найм нь хурдан морь унах зорилгоор гарсан гэж визний мэдүүлэгтээ албан ёсоор бичжээ. 169 гэдэг бол давхардсан тоо. 23 хүүхэд хилээр хэд хэдэн удаа орж, гарсан гэсэн үг. Тэдний зарим нь хилээр сард 5-6 удаа нэвтэрсэн байхад, хоёр улсын хооронд 10-20 удаа зорчсон хүүхэд ч бий.
-Тэд эцэг, эхтэйгээ хамт явсан уу?
-Эцэг, эх, ах, эгч болон харгалзах хүмүүстэйгээ явсан. Хурдан морь унадаг, 7-14 насны хүүхдүүд байсан.
-Өмнө нь ингэж хил давж, морь унасан хүүхэд байсан уу?
-Энэ оных шиг ингэж олноороо гарч байгаагүй.
-Хурдан морь унуулах нэрийдлээр хүүхдүүдийг албадан хөдөлмөрлүүлэх, хүний наймаанд ч өртүүлж болзошгүй гэх хардлага байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Хурдан морь унуулна гэж хил гаргаж байгаагийн цаана ямар нэг асуудал байж болзошгүй. Тиймээс хууль хяналтын байгууллага үүнийг анхааралдаа авч, маш сайн тодруулан, шалгах хэрэгтэй.
Хүнд хөдөлмөр эрхлүүлж, мал маллуулан, албадан хөдөлмөрлүүлсэн байж болзошгүй. Цаанаа очоод юу хийлгэж буйг нарийвчлан шалгах ёстой. Эргээд ийм байдлаар хил гаргахгүй гэх баталгаа байхгүй.
-Уралдаж байхдаа гэмтэж, цаашлаад амиа алдвал хэн хариуцлага хүлээх вэ?
-Хараа хяналтгүйгээр гадаад руу явуулсан бол эцэг, эх, ямар нэгэн асуудал гарвал морины эзэд хариуцлага хүлээнэ. Хэдэн төгрөг олохын төлөө хүүхдээ эрсдэлд оруулж болохгүй.