Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 71 настай эмээг дээрэмдэж, 789.200 төгрөгтэй гар цүнхийг нь авч зугтсан хэрэг гарчээ.
Энэ дээрэм тус хорооны 12 дугаар байрны хойд талд гарсан бөгөөд СХД-ийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч нар албан үүргээ биелүүлж, гэмт этгээдийг баривчилсан байна. 71 настайг дээрэмдсэн этгээд нь Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд оршин суудаг 41 настай Г хэмээх эр байсан байна. Энэ хэргийг СХД-ийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж буй аж.
Энэ оны нэгдүгээр сард мөн 74 настай эмээг гурван залуу дээрэмдэх гэж оролдож цүнхийг нь булааж шатаар чирч, хүнд бэртээсэн хэрэг гарч байсан удаатай. Түүнчлэн 2014 онд нэгэн эмэгтэй 70 настай хөгшинг дээрэмдсэн хэмээн мэдээлэгдэж байсан.
Хүндэтгэж, хайрлах ёстой ахмадуудаа ийнхүү дээрэмдэж, хомхой сэтгэлээр хандаж, нийгмийг цочроож байгаа үзэгдэл нэмэгдэх болсон нь харамсалтай.