Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь холимог металлын Улааны ордыг ашигладаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь шинь” ХХК-ийн уурхайд дахин нэг хүн амиа алдлаа. Өнгөрсөн сард тус компанийн далд уурхайд О гэх монгол залуу хүнд даацын машинд дарагдан нас барсан. Ослын шалтгаан, нөхцөлийг цагдаагийнхан гүйцэд тодруулж амжаагүй байтал өнгөрсөн бямба гаригт 32 настай С гэх хятад эр унаж амиа алджээ.
Нуралт үүссэний улмаас ашиглахаа больсон, 40 гаруй метрийн гүн нүхэнд тэрбээр ойчсон аж. Талийгаач тус компанийн ерөнхий инженерээр ажилладаг нэгэн гэнэ. Уурхайн нүхэнд хүн унасан тухай дуудлага Дорнод аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 3-ны 00.32 цагт ирсэн бөгөөд Аврах анги болон Цагдаагийн газрын 12 алба хаагч очиж, цогцсыг гарган авчээ.
Дашрамд дуулгахад, “Шинь шинь” компанийн уурхайн барилгыг улсын комисс хүлээн аваагүй байхад үйл ажиллагаа явуулдаг гэдгийг албаны хүмүүс хэлдэг.