Саяхан болсон “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүнд “Хар Сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах ая дуугаа өргөснийхөө дараа ОХУ-ын элчин сайдын яамны дипломат ажилтанд зодуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй эрхмүүд төдийгүй БНХАУ, ОХУ-ын элчин сайд, албаны хүмүүс оролцсон уг арга хэмжээний үеэр Амараа Оросын дипломат ажилтантай уулзахдаа “Hi Hitler” хэмээн мэндэлсэн нь зодоон эхлэх шалтгаан болсон гэх мэдээлэл ч бий.
Улмаар Оросын дипломатч түрүүлж Амараад гар хүрч, хамрыг нь хугалсан гэнэ.
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Амараа ГССҮТ-т хэвтээгүй төдийгүй “Би шинэ жилийн үеэр 300 сая төгрөг олдог. Тиймээс энэ хэмжээний мөнгө Оросын дипломатчаас нэхэмжилж байна” гэсэн сурагтай.
Олны танил дуучин залууг зодуулсан тухай мэдээлэл өчигдөр мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж, хүмүүсийн анхаарлыг татаж буй нь дамжиггүй. Үүний цаана Монголын газар нутагт монгол залууг орос хүн зодлоо гэсэн эгдүүцэл ч бий болж байна.
Гэмтэж, бэртэж, эрүүл мэндээрээ хохирсон хүнийг буруутгахыг хүсээгүй ч, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж, олны танил болсон залуус нэр хүндээ хайрлаж, залуусыг үлгэрлэж, зөв үйлдэл хийж амьдрахгүй байгаа нь эрхгүй харамсал төрүүлнэ. Хар тамхины хэрэг, архины хэтрүүлсэн хэрэглээ, танхайн хэрэг гэх мэтээр алдартнуудын холбогдсон ийм таагүй мэдээллүүд тэдний нийгмээ соён гэгээрүүлэх үүргийг нь үгүйсгэж, бүтээн бий болгосон бүхнийг нь үнэгүйдүүлж байдгийг санахад илүүдэхгүй л болов уу.
Үндсэрхэг үзэл, өөрийнх нь хэв маяг ийм байж болох ч энэ нь онгирч, сагсуурч, хэн нэгнийн үнэт зүйлд халдах үндэс болохгүй. Өөртөө итгэлтэй, байлдан дагуулах чадвартай, авьяастай дуучин залуу маань дипломат ажилтантай дургүй хүнийх нь нэрийг дуудан мэндчилж, эгдүүцүүлсэн нь үнэн бол тун ч харамсалтай. Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаныхан энэ талаар мэдээлэл өгөхийг хүсээгүй ч, шалгагдаж байгаа хэргийн талаар бодит бус мэдээлэл тарааж, олон нийтийг талцуулж байгаа өмгөөлөгчид сэтгэл дундуур байгаагаа ч хэлж байсан юм.