“Баянгол мед” эмнэлгийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Алтантуяа, түүний нөхөр Д.Түвшинжаргал нарын гурван хүн хамтран, байгууллагынхаа их хэмжээний мөнгийг завшиж, хувийн компанийнхаа дансанд шилжүүлэн авч ашигласан хэрэгт ял шийтгүүлжээ. Нөхрийнхөө нэр дээр бүртгэлтэй “Хан-Эрдэнэ шүүдэр” хэмээх компанийн данс руу Н.Алтантуяа эмнэлгийнхээ данснаас удаа дараа мөнгө шилжүүлэн хувьдаа авч байсан гэнэ.
Энэ нь 2015 оны есдүгээр сард эмнэлгийн удирдлагад илэрхий болж, хөндлөнгийн аудитаар шалгуулахад 126.3 сая төгрөг идэж шамшигдуулсан гэж дүгнэжээ. “Баянгол мед” эмнэлгийн ахлах нягтлан бодогч Н.Алтантуяа “Би уг мөнгийг нэг дор авч хэрэглээгүй, удаа дараа шилжүүлж, хүнээс зээлсэн төлбөртөө болон хувийнхаа хэрэгцээнд, хүүхдийнхээ сургалтын төлбөрт зарцуулдаг байсан” гэжээ. Тэрбээр хүнд өвчтэй учир байнга хэрэглэдэг эм тариагаа уг мөнгөөр авдаг байсан гэнэ.
Улмаар энэ хэрэгтээ Б.Чимгээ гэх хүнийг оролцуулж, худал мэдүүлэг өгүүлсэн байгаа юм. Эмнэлгээс зээлсэн мөнгөө хувь хүнээс авсан болгож харагдуулахын тулд түүгээр мэдүүлэг өгүүлсэн бөгөөд Б.Чимгээ нь “Алтантуяа надаас долоон сая гаруй төгрөг л зээлж авсан. Тэр хүнд өвчтэй хүн. Надаас их хэмжээний мөнгө зээлсэн гэж хэлээд өгөөч хэмээн байн байн гуйгаад байхаар нь түүнд тус болъё гэж бодоод “70, 80 сая төгрөг зээлж авсан” гэж худал мэдүүлсэн” гэжээ. Ийн худал мэдүүлснийхээ төлөө Б.Чимгээ хэрэгтний ширээнд суув.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Алтантуяа, Д.Түвшинжаргал нарыг аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд завшсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Н.Алтантуяад зургаан жил таван сар, нөхөр Д.Түвшинжаргалд нь зургаан жил хорих ял оноожээ. Харин Б.Чимгээг зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тооцон, нэг жил хорих ял ногдуулж, мөн хугацаагаар тэнсэн харгалзахаар шийдвэрлэсэн аж.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Д.Түвшинжаргалыг цагаатган, бусад холбогдогчийнх нь ялыг хэвээр үлдээсэн бол Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид Д.Түвшинжаргалыг цагаатгасан нь үндэслэлгүй гэж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.