Мөнгө хадгалах найдвартай газар бол банк гэж олон хүн итгэдэг. Их хэмжээний бэлэн мөнгөө гэртээ байлгах нь хулгайд алдахаас авахуулаад эрсдэлтэй. Гэтэл “Чонын амнаас гараад барын аманд оров” гэгчээр банкинд хадгалуулсан биш эд хөрөнгөө хэн нэгэнд завшуулах явдал цөөнгүй гарах болсон. Нэгэн “үл үзэгдэгч” 17 хүний данснаас 57 сая төгрөг завшсан хэрэг 2015 оны долдугаар сард гарсан юм.
Тодруулбал, Хас банкны Мэдээллийн сан, систем хөгжүүлэлтийн хэлтсийн программ хөгжүүлэгчээр ажиллаж байсан Б гэх залуу Банк, эрх бүхий хуулийн этгээдийн эрхлэх мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн “Хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөөс зөвхөн түүний зөвшөөрлөөр буюу даалгавраар гүйлгээ хийх, харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас зарлагын гүйлгээ хийхгүй байх” гэсэн заалтыг зөрчиж, тус банкны харилцагч нарын хувийн дансанд гар дүрж эхэлсэн байна.
Энэ хугацаанд 57 сая төгрөг халаасалж амжсан Б банкны үндсэн систем рүү холбогддог программ руу интернэт банкнаас ирсэн мэтээр харагдах хуурамч гүйлгээний мессеж илгээн, харилцагчийн данснаас мөнгийг нь шилжүүлж авдаг байв. 2015 оны долдугаар сарын 6-нд ийм аргаар өөрийнхөө 50......80 тоот данснаас өөрийн 50......66 тоот данс руу 2.8 сая төгрөг шилжүүлсэн нь амжилттай болжээ. Энэ нь бусдын данснаас өөрийнх рүүгээ мөнгө шилжүүлэх сэдлийг түүнд өгсөн ч хэзээ нэгэн цагт булхай нь илэрнэ гэж ухаараагүй бололтой.
Б нь 2010 онд Хас банкинд системийн шинжээчээр ажиллаж байгаад гурван жилийн дараа өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан ч тэр оныхоо есдүгээр сард буцаад тус банкинд программ хангамжийн чанарын инженерээр ажиллах болжээ. Жилийн дараа тушаал ахиж, программын ахлах хөгжүүлэгчээр ажиллажээ. Харин 2015 онд тус банкинд бүтцийн өөрчлөлт хийж, Б Мэдээллийн сан, систем хөгжүүлэлтийн хэлтэст программ хөгжүүлэгчээр ажиллах болж.
2016 оны нэгдүгээр сарын 11-нд харилцагч Э “Миний данснаас 1.3 сая төгрөгийн зарлага гарчээ. Би зарлага хийгээгүй байтал данснаас минь яагаад ийм мөнгө гарсан учрыг шалгаж өгнө үү” гэж Хас банкинд гомдол гаргаснаар түүний энэ үйлдэл олны өмнө ил болжээ. Гомдлын дагуу тус банкны Аудитын газар, Аюулгүй байдлын удирдлагын хэлтсийнхэн шалгахад Б уг мөнгийг ХААН банкны нэгэн харилцагч руу шилжүүлснийг илрүүлсэн байна. Энэ тухайгаа Б “Би программын бодит болон тестийн орчноо андуурч гүйлгээ хийсэн байна.
Өөрөөр хэлбэл, шалгалт хийж байхдаа энэ хүний данснаас өөр хүний данс руу мөнгө шилжүүлчихэж” гэж хэлээд нэг удаа аргалжээ. Амташсан хэрээ 13 дахина гэгчээр Б үүнээс сургамж авсангүй, өөр бусад хүний данснаас мөнгө хулгайлсаар байж. Нэр бүхий 17 хүний данснаас 1.1-ээс эхлээд 25 саяыг хүртэл нэг удаагийн гүйлгээгээр өөрийн данс руугаа гулгуулсан байх юм.
Үүгээр зогсохгүй үнэт цаасны төлбөр тооцооны өглөгийн данснаас ч мөнгө хумсалжээ. Уг нь тэрбээр ажил үүргийн хувьд ямар ч гүйлгээ хийх, бүртгэл тооцоонд оролцох эрхтэй биш.
Гэвч 17 харилцагчийн мөнгөнөөс өөрийн данс руу шилжүүлэхийн тулд Б өөр найз нөхөд, танил талынхаа дансыг ашигладаг байжээ. 2015 оны арваннэгдүгээр сарын 23-нд Б найз Ч-гийн утас руу залган “Чамд ХААН банкны данс байна уу. Хүн надад мөнгө шилжүүлэх гээд ХААН банкны данс асуугаад байна. Чиний данс руу мөнгийг нь шилжүүлээд авчихъя” гэжээ.
Найз нь түүнд дансны дугаараа өгөхөд 4.5 сая төгрөг ороод ирж. Энэ мөнгийг найз нь Б руу шилжүүлсэн бөгөөд сарын дараахан дахин түүний ХААН банкны данс руу 1.6 сая төгрөг шилжүүлж, эргүүлэн өөрийн данс руугаа хийлгүүлэв. Энэ тухай Ч “Би тэр мөнгөний талаар Б-аас огт асуугаагүй. Өөртөө нэг ч төгрөг аваагүй” гэжээ.
Өөр нэг гэрч О мэдүүлэхдээ “Б нэг өдөр утсаар залган, ХААН банкны данс асуугаад, хөдөөнөөс хүн мөнгө шилжүүлэх гэж байгаа юм хэмээсэн. Удалгүй О-гийн дансанд 25 сая төгрөг орж ирснийг Б-д бүгдийг нь өгсөн” гэв. Б энэ мөнгөөр машин авч тансаглажээ.
Ингэхдээ машин зарна гэсэн зарын дагуу Ц-тэй “Ард” кино театрын урд талбайд уулзан, “Toyota Lexys RX-400 Н” маркийн автомашиныг нь 30 сая төгрөгөөр авахаар тохирч, 28 саяыг нь бэлнээр, үлдсэнийг нь сарын дотор өгөхөөр болжээ. Яг сарын дараа Б үлдсэн хоёр сая төгрөгөө Ц-д өгч, машиныг нь нэр дээрээ шилжүүлэн авсан аж.
Хүний юмаар хүүдэгнэсэн Б-гийн бас нэг хохирогч болсон Э-гийн гар утсанд энэ оны нэгдүгээр сарын 6-нд данснаас нь 1.3 сая төгрөгийн зарлага гарсан тухай мэдээлэл иржээ. Энэ талаар Э гэрийнхээ ойролцоох Хас банкнаас очиж асуутал “Таны данснаас интернет банкаар дамжиж ХААН банкны харилцагч Отгондаваа гэх хүний данс руу шилжжээ.
Энэ талаараа ХААН банкнаас очиж асуусан нь дээр” гэж. Ингээд Э ХААН банкинд очиход “Энэ гүйлгээ Хас банкнаас гарсан учир тус банкнаас очиж асуу” гэх нь тэр. Ингэж хоёр банкны хооронд хэдэнтээ явсны эцэст Э Хас банкинд албан ёсны хүсэлт бичиж өгснөөр тав хоногийн дараа “Залруулга” гэсэн утгатайгаар уг банкнаас Э-гийн хохирлыг барагдуулсан аж.
Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Б үүнийг үйлдсэн бөгөөд “Программын туршилт хийхэд алдаа гарсан” хэмээн гүрийж, аргалсан гэдэг. Өөрийнх нь данснаас өөр нэгэн сэм гүйлгээ хийж буйг хохирсон 17 хүний нэлээд олон нь мэдээгүй байж. Хувьцаа зарж олсон мөнгөө үнэт цаасны төлбөр тооцооны өглөгийн дансанд хийсэн Ө 1.2 сая төгрөгөөрөө “үл үзэгдэгч”-д алдсанаа хожим мэджээ.
Тус банкны удирдлагын зүгээс тавих хяналт тогтворжоогүй, хөндлөнгийн хяналтын тогтолцоо сул байсныг Б мэддэг ч давуу талаа ашиглан, байгууллагын мөнгөнөөс зургаан сарын турш завшжээ. Тэрбээр шунахуйн сэдлээр харилцагчдын данснаас 57 сая төгрөг авч, Хас банкинд онц их хэмжээний хохирол учруулсан нь баримтаар тогтоогдсон учраас Прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн 156.3 дахь хэсэг буюу Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.