Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгийн алба хаагч нар энэ сарын 21-нд “ТБД андууд” дэлгүүрийн урд замд үүрэг гүйцэтгэж байгаад “Range Rover” маркийн сэжиг бүхий машиныг шалгахад 64.4 кг мөнгөн ус тээвэрлэж явсан байна.
Уг гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн IV хороонд түр оршин суудаг, ОХУ-ын иргэн, 41 настай Ч, Монгол Улсын иргэн Сүхбаатар дүүргийн IX хороонд амьдардаг, 39 настай О, мөн Баянгол дүүрэгт оршин суудаг 22 настай Ц нарыг саатуулаад буй аж. Тэд дээрх мөнгөн усыг худалдан борлуулах зорилгоор хууль бусаар авч явсан аж. Ч, О, Ц нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2141.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.
2141.1 дүгээр зүйл. Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчих 2141.1.Химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, ашиглах болон бусдад дамжуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.