Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон түүний гэргий Э.Сэлэнгэ төдийгүй бага дүү Н.Наранцэцэгт хилийн хориг тавьж, хорих 461 дүгээр ангид 14 хоногийн хугацаанд цагдан хорихоор болсон талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Наранцэцэг хоригдохоосоо өмнө өмгөөлөгчтэй нь уулзуулаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн 263-т зааснаар төрийн өндөр албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэсэн үндэслэлээр буруутгасан байна. Энэ талаар түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг хэлэхдээ "Н.Наранцэцэг эмчилгээний журмаар ХБНГУ-ыг зорих гэж байхад нь баривчилсан. Баривчлагдах хүртлээ хилийн хориг тогтоогдсоныг мэдээгүй байсан. Ингэхдээ тухайн өдрийн 11.30 цагийн орчимд АТГ-ын байцаагч тодруулах хэдэн асуудал байна гэж хэлээд АТГ-ын байранд аваачсан байсан. Түүнээс хойш найман цагийн турш өмгөөлөгчтэй нь ч уулзуулахгүй, хоол унд ч өгөлгүй цагдан хорьсон. Энэ бол хүний эрхэд халдаж буй асуудал юм. Ингээд 21.00 цагийн орчимд шүүхээс цагдан хорих бичиг ирсэн. Хорих болсон үндэслэлээ тайлбарлахдаа "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2-т зааснаар буюу төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах, мөн Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн" гэсэн. Миний үйлчлүүлэгч Н.Наранцэцэгийг урьд нь хууль, хяналтын байгууллагаас ганц ч удаа дуудаж байгаагүй. Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн чөлөөтэй гадаад улсад зорчих эрхтэй гэж заасан ч хэрэгжихгүй байна. Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн гэргий Э.Сэлэнгэд хилийн хориг тавигдсан нь үнэн. Гэхдээ одоогийн байдлаар ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал гараагүй байна" гэлээ.
Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь хүүхдийг "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас саатуулж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу баривчлан авч явлаа.
Тэднийг Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн хэрэгт холбогдогч, гэрчийн хувиар хилээр гарахыг нь хориглосон гэх мэдээлэл байдаг юм байна.