Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн машинч, бусад ажилтнуудтай хамтран ан, амьтны эд эрхтэн хууль бусаар хил давуулдаг бүлэг этгээдийг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж эхэллээ. Улаанбаатар хотын харьяат Н, Ч, Г, А нар бугын болон бөхөнгийн 300 кг яс, цусан эвэр, баавгайн арьс, сарвуу, бугын сүүл зэрэг нэн ховор амьтны эд эрхтэнийг галт тэрэгний эд анги дотор нууж хил давуулах гэж байжээ.
Тэд Улаанбаатар-Эрээн чиглэлд энэ сарын 14-нд аялсан галт тэрэгний цуваанд бараагаа хэсэг хэсэг болгон нуусан бөгөөд Замын-Үүд боомтоор гаргаж байх үед нь саатуулсан байна. Өдгөө дээрх хүмүүсийг Эрүүгийн хуулийн 175.3-т заасан “Ховор амьтны эд эрхтэнийг зохион байгуулалттайгаар, онц их хэмжээгээр хил давуулсан” гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр дээрх хүмүүс Казахстан, ОХУ-аар дамжуулан манай улсад бөхөнгийн эвэр оруулж ирээд БНХАУ руу гаргадаг зохион байгуулалттай сүлжээнийхэн байж болзошгүй аж. Бөхөнгийн эвэр дээрээ нэмээд буга, баавгайн эд эрхтэн Монголоос гаргахыг завдсан байх магадлалтай гэнэ.
Энэ хүмүүсийн хууль бус наймааны улмаас экологид хамгийн багадаа 350 сая төгрөгийн хохирол учирчээ. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар нэг халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээг эр нь 6.5, согоо 7.5 сая, бөхөн 2-2.2 сая, баавгай 6.5- 7.5 сая төгрөг гэж тогтоосон байдаг.
Амьтны тухай хуульд зааснаар хохирлыг 2-3 дахин нугалж төлүүлэх ёстой. Харамсалтай нь манай шүүх, прокурорын байгууллагынхан үндэстэн дамнасан ан амьтны эд, эрхтэний контрбандчдад хуулийн хариуцлага хүлээлгэж байгаагүй.
2014 оны аравдугаар сарын 23-нд Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дахь “Зет” гэх зочид буудалд буудалласан иргэн Д.Батхүү, А.Ганбаатар, Ц.Цолмон нар Дэлхийн “Улаан ном”-нд орсон, нэн ховор амьтанд тооцогдох соргог бөхөнгийн 162 эвэр борлуулах гэж байгаад баригдсан.
Гэвч тухайн үеийн Дүүргийн II прокурорын газрын хяналтын прокурор нь 2014 оны нэгдүгээр сарын 7-нд хэрэгсэхгүй болгосон билээ. Хэрэгсэхгүй болгох тогтоолдоо “…Д.Батхүү нар бөхөнг хууль бусаар агнасан, барьсан гэх үндэслэлгүй, улсын хилээр оруулж ирсэн гэх нотлох баримт байхгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 172 сая төгрөгийн хохирол нь Монгол Улсын амьтны аймаг, түүний нөөцөд учруулсан нь тогтоогдохгүй, хохирол учраагүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэжээ.
Ингэж хэрэгсэхгүй болгохдоо Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенцийг зөрчсөн байдаг. Манай улс Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)-д 1995 оны тавдугаар сарын 4-нд нэгдэн орох тухай тогтоол УИХ баталж, 1996 оны дөрөвдүгээр сарын 4-нөөс уг конвенц хүчин төгөлдөр болсон юм.
Уг конвенцын 2.4-т “Энэхүү конвенцын заалтуудыг зөрчиж, 1, 2, 3 дугаар хавсралтад орсон зүйлүүдийн төлөөлөх биетийг худалдах явдлыг талууд зөвшөөрөх ёсгүй”, “тухайн биетүүдийг худалдсан буюу эзэмшсэнийх нь төлөө хариуцлага тооцож, биетүүдийг хураан авах” гэж заажээ.
Монгол Улсын амьтны тухай хуулийн 7.3-т “нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно”, 37.3-т “амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан байдаг.
Прокурор, шүүхийн байгууллага цагдаагийнхны илрүүлсэн нэг хэргийг дээрх байдлаар хэрэгсэхгүй болгож байсан удаатай. Харин уржигдар баригдсан хүмүүст холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдлээ.