Иргэдээс яаралтай тусламжийн дуудлага, мэдээлэл хүлээн авдаг 102, 103, 101, 105 тусгай дугаарууд руу залгаж тоглодог иргэд, хүүхдүүдийн тоо буурахгүй байгаа нь иргэдийн ухамсрын байдлыг харуулж байна. Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс дээрх тусгай дугааруудад шалтгаангүйгээр залгаж, хиймэл ачаалал үүсгэхгүй байх талаар энэ оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс Монголын телевизүүдийн холбоо, Монголын сайтын холбоо, кабелийн телевизүүд, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр анхааруулга, мэдээлэл түгээх, үүрэн холбооны компаниудтай хамтран хэрэглэгч бүрт анхааруулах SMS илгээх зэргээр иргэдэд чиглэсэн ажлыг зохион байгуулсан. Гэвч тусгай дугаарруу залгаж тоглодог иргэдийн тоо буурахгүй байгаа тул төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдтэй хамтран тусгай дугаарруу шалтгаангүйгээр залган тоглож, хиймэл ачаалал үүсгэсэн 78 иргэнд Захиргааны хариуцлагын тухай Монгол Улсын хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу хариуцлага хүлээлгэж, 5-20 мянган төгрөгөөр торгосон байна.
Цаашид энэ үйл ажиллагаа үргэлжлэх бөгөөд Монгол Улсын иргэн бүхнийг тусгай дугаарын утасруу шалтгаангүйгээр залгахгүй байхын зэрэгцээ үр хүүхдүүддээ тусгай дугааруудын ач холбогдол болон яаралтай тусламж шаардлагатай болсон иргэд тусламж авахаар дээрх тусгай дугаарууд руу залгахад, ухамсаргүй иргэдийн үүсгэж буй хиймэл ачаалал саад учруулдаг гэдэгийг зөвөөр ойлгуулан, иргэнийхээ үүргийг биелүүлэхийг уриалж байна.