Playboy модел 29 настай Дани Матерс хэмээх эмэгтэй өөрийн цахим хуудсанд 70 настай нэгэн эмгэний усанд орж байгаа зураг тавьсан нь асуудалд оруулжээ. Түүний зурагт орсон хохирогч эмэгтэй шүүхэд хандсан тул Матерс зургаан сар хүртэл шоронд хоригдох, 1000 "ногоон"-ы торгууль төлж магадгүй болоод байгаа аж. Энэ үйл явдал өнгөрсөн зургадугаар сард Лос-Анжелес хотод болсон юм.
Энэ үйл явдлынхаа дараа Матерс нэг бус удаа уучлалт гуйжээ. Тэрбээр хамгийн анх өөрийн цахим хуудсаар дамжуулан өнгөрсөн долдугаар сард уучлалт хүссэн бол дараа нь олон нийтэд хандаж, видео бичлэг хийсэн юм. Тэр дахин ийм алдаа гаргахгүй гэж амлалт өгсөн бөгөөд бусдыг ч бас энэ үйл явдлаас сургамж аваасай гэж хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Манай улсад ч бас саяхан энэнтэй төстэй үйл явдал болсон билээ. Тодруулбал, 70 гаруй настай өвгөнийг шил архинд хүүхдээ зарна гэв үү гэсэн гарчигтай цахим ертөнцөөр явсан зураг олонд хүрсэн. Зарим мэдээллийн хэрэгслээр ч бас энэ талаар мэдээлж, олонд хүргэсэн юм. Тэгвэл тэр өвгөний гэр бүлийнхэн нь цагдаагийн газарт хандаж, гомдолтой байгаагаа илэрхийлсэн билээ. Таны эрх чөлөө бусдынхаар хязгаарлагдах ёстой гэдгийг байнга санаж, цахим ертөнцөд ч бас зөв соёлтой байхыг эдгээр үйл явдал харуулж байна.