Иргэд археологийн дурсгал, олдворыг малтаж, сүйтгэх зөрчил орон нутагт цөөнгүй гарах болсон гэж шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачид халагладаг. Тэгвэл түүх, соёлын баялаг дурсгалтай газар гэгддэг Орхоны хөндийн соёлын өвд халдсан тохиолдол саяхан гарчээ.
Тодруулбал, иргэд тахилын байгууламж малтаж буй тухай мэдээлэл энэ сарын 1 буюу мягмар гаригт Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаанд иржээ. Тус газрын мэргэжилтнүүд Хархорин сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, сум дундын Цагдаагийн хэлтсийнхэнтэй очиж шалгахад Улаанбаатар хотод оршин суудаг иргэн Б хүүхэд, дүү нартайгаа зургуулаа уг дурсгалыг малтаж байжээ.
Мэргэжилтнүүд хоёр метр гүн, 50-80 см өргөнтэй уг байгууламжийг судлуулахаар археологичдод хандаад буй бол соёлын өвд халдсан иргэдийг шалгуулахаар Цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна.