Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, үндэсний бөхийн улсын заан, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны даргаар хурандаа цолд хүртлээ ажилласан Цэдэндамбын Баярсайхан бусдын онц их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлсэн хэрэгтээ анхан шатны шүүхээс хоёр ч удаа 11 жил хорих ял шийтгүүлээд байгаа. Гэвч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх мөн тоогоор хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Өдгөө хэргийг нь нэмж шалгах ажиллагааг цагдаагийнхан хийж байна.
Гэхдээ түүнийг батлан даалтад гаргаж, нөгөөх нь энэ хооронд дахин гэмт хэрэг үйлдэн явж байж болзошгүй байгаа юм. Уг нь хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Шүүх даанч тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулаад байх шиг. Ц.Баярсайхантай яг ижил зүйл ангиар шалгагдсан Б.Ууганбаяр гэдэг хүнийг хоёр жил цагдан хорьж байгаад хэргийг нь шийдэж, 2014 оны долдугаар сарын 21-нээс 2016 оны долдугаар сарын 21 хүртэл цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэнд тооцохоор шийдсэн байгаа юм.
Энэ залуу “Голомт” банкны Өмнөговь аймаг дахь салбарын харилцааны менежер, салбарын эдийн засагчаар ажиллаж байхдаа 17 иргэнийг залилан мэхэлсэн хэрэгт ял шийтгүүлжээ. Жирийн иргэнийг ингэж хоёр жил яс суулгаж байгаад, хэргийг нь шалгажээ.
Эрүүгийн хуульд заасан хүнд, онц хүнд хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн удаа дараа ял шийтгүүлж байсан этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн дахин гэмт хэрэгт сэрдэгдсэн бол түүнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж болох заалт хуульд бий. Ц.Баярсайханы хувьд хүнд гэмт хэрэг үйлдэж, онц их хэмжээний хохирол учруулсан. Давтан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтаар тодорхой болж буй.
Гэтэл нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх танил тал, ар өврийн хаалгатай нэгнийг нь батлан даалтад гаргаж, дахин гэмт хэрэг үйлдэх боломжоор хангаж байна. Ингэхдээ хуульд байхгүй үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг нь буцаасан нь хачирхалтай. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлд зааснаар хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаах цөөхөн үндэслэл байгаа юм.
Тодруулбал, “Хэргийг буруу нэгтгэсэн, тусгаарласан бол, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бол, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, энэ хуулийг ноцтой зөрчсөн бол” дахин шалгуулахаар буцааж болохоор заасан. Гэтэл иргэн Т.Алтанцэцэгээс 500 сая төгрөг залилан мэхэлсэн хэрэгт дээрх үндэслэлүүдийн аль нь ч байгаагүй.
Ердөө л Ц.Баярсайханд залилуулсан өөр хохирогчийн гомдолтой нэгтгэн шалга гээд л буцаасан. Уг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд “Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдэн шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн, уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно” гэсэн заалтыг давж заалдах шатны шүүхийн шүүгч нар хэрэглээд явсан бол Ц.Баярсайхан дахин гэмт хэрэг үйлдэх боломжгүй байх байлаа. Даанч давж заалдах шатны шүүхийн шүүгч нар тэгээгүйгээс иргэд хохирч байна. Түүнд мэхлүүлсэн иргэд төрөөс хохирлоо нэхэмжилбэл төр төлөхөөс өөр аргагүй нөхцөл үүсээд байгаа гэсэн үг.
Анх улсын заан, хурандаа Ц.Баярсайхан “Мах импекс” компанид мах нийлүүлж, олсон ашгаа хуваана” хэмээн тус компанийн захирал Г.Бүдрагчаагийн гарын үсэгтэй хуурамч гэрээг иргэн Т.Алтанцэцэгт үзүүлэн, 500 сая төгрөгийг нь залилж авсан үндэслэлээр чанга дэглэмтэй хорих ангид 11 жил ял эдлүүлэхээр шийтгүүлсэн юм. Ц.Баярсайхан энэ үедээ “Байраа залилсан мөнгөнийхөө тодорхой хэсэгт өгнө” хэмээн шүүхийнхэнд бичиг баримт үзүүлж байсан ч үнэндээ шүүгчдийг л хулхидаж байж.
Өнөө болтол тэрбээр хохиролдоо байраа өгөөгүй хэвээр байгаа юм билээ. Улсын заан цолтой, нэгэн цагт монгол бөхийн торгон ногоон дэвжээг чимж явсан энэ эр шүүхэд дээгүүр алба хашиж байсан танил талаараа дамжуулан хэргээ нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгаж, энэ хоорондоо иргэн Т.Алтанцэцэгт учруулсан хохирлоо төлөхийн тулд өөр бусад хүнийг ч залилсан бололтой.
Тухайлбал, Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний эхнэр Гавьяат жүжигчин Т.Баясгалан нараас нэлээд хэдэн байр мэхэлж аваад өөр хүмүүст зарж борлуулсан аж. Дээрх хүмүүс залилуулснаа мэдмэгц улсын заан, хурандаа Ц.Баярсайханыг цагдаагаар шалгуулж байгаад өгсөн байруудаа буцаан авч, орон сууцанд нь амьдарч байсан хүмүүсийг нь гаргасан сурагтай. Тиймээс дээрх хоёр хүн Ц.Баярсайханд холбогдуулан гаргасан гомдлоо цагдаагаас буцаан авчээ.
Харин өдгөө Ц.Баярсайханд залилуулсан зургаан хохирогч нэмэлт мөрдөн байцаалтаар тогтоогдоод байгаа аж. Тэдний дунд дэд сайдаар ажиллаж байсан нэгэн ч бий гэдгийг баттай эх сурвалжууд мэдээллээ. Дэд сайд асан эрхмийг хэрхэн “хулхидсан”-ыг хууль сахиулах байгууллагынхан нууцалж буй юм.