- Мафид элссэн монголчуудын мэдээллийг “Маш нууц” зэрэглэлтэйгээр ирүүлжээ –
Хар тамхины аюул хазаарлагдахаа болилоо. Хэдэн жилийн өмнө хар тамхины хэргийг шүүхээр шийдвэрлэх болоход хэвлэл мэдээллийнхэн бүгд тийшээ анхаарал хандуулдаг байв. Дөрвөн жилийн өмнө болсон нэгэн хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хар тамхины хэрэгт өршөөл үгүй” гээд л байр сууриа сүртэй нь аргагүй илэрхийлж байлаа. Гэтэл өнөөдөр байдал улам л дорджээ. Үүнийг батлах баримт олон бий.
Тухайлбал, уншигч та www. shuukh.mn цахим хуудсанд орж, дүүргүүдийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хурлын зартай танилцаад хар тамхины хэрэгт холбогдсон залуусын хэргийг шүүх хурал долоо хоногт хамгийн багадаа нэг, заримдаа түүнээс олныг товлосон байдаг болсныг анзаарна. Өдөр тутам шүүхээр шийдвэрлэж байдаг хулгай, танхайрах гэмт хэрэг шиг энгийн нэг хурал мэт болсон нь энэ төрлийн гэмт хэрэг Монголд аюулын харанга нүдээд байгааг илэрхийлж байна. Нэг дүүргийн шүүхээр жишээ авъя л даа.
Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр 2016 оны зургадугаар сараас хойш аймаг, дүүрэг бүрт Эрүүгийн, Иргэний хэргийн анхан шатны шүүх байгуулсан. Түүнээс хойш Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжсэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг түүвэрлэжээ. Зургаахан сарын дотор тус шүүх энэ төрлийн 17 хэрэг хүлээн авч, 12- ыг нь шийдвэрлэжээ, 22 хүн торны цаана суух болов.
Мансууруулах бодистой холбоотой олны анхаарал татсан хэргүүдээс “Хархорин” захын эзний хүү Л.Цэгцбаатар нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг тус шүүх хянаж байна. Мөн мансууруулах бодис наймаалагчид, хэрэглэгчдийн дунд “Мөсний хатан хаан” гэж танигдсан Н.Баярмаа, түүний хар тамхийг БНХАУ-аас оруулж ирж байсан Б.Мөнх-Эрдэнэ нарын хэргийг хэлэлцэхээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаав. Ганцхан шүүхийн тоо баримтаар жишээ авахад ийм байна.
Манай улс хар тамхийг дамжин өнгөрүүлдэг орон байснаа больж, хэрэглэгч орны тоонд орсон гэдгийг дэлхийд зарлахад буруудахгүй нь. Яагаад ийм байдалд хүрэв гэдгийг хуульчид янз бүрээр тайлбарлаж байна. Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай 2002 оны хуульд эмийн талаас нь түлхүү тусгасан учраас ялын бодлого, урьдчилан сэргийлэх аргачлал байхгүй, өнөөгийн нөхцөлд тохирохгүй байна.
Тухайлбал, нэг грамм хар тамхи биедээ авч яваа, нэг кг-ыг авч яваа хүмүүст ногдуулах ял адилхан. Монголд ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн л энэ төрлийн хэрэгтэй тэмцдэг. Урьдчилан сэргийлэх ажил хийгдэхгүй байгаа нь санхүүжилт, нэгдсэн бодлого байхгүйтэй холбоотой” гэж ярьж байсан.
Үнэхээр нэгдсэн бодлого байхгүй, хууль эрх зүйн орчин сул, урьдчилан сэргийлэх ажил огт хийгддэггүйг хүн бүр хүлээн зөвшөөрнө. Урьдчилан сэргийлэх ажлыг ерөнхий боловсролын сургуулиас нь эхлэхэд болохгүй зүйлгүй. Сургуулийн нийгмийн ажилтнууд өдөр тутам болж буй хар тамхи, мансууруулах бодистой холбоотой шүүх хуралд суух, эсвэл шүүх танхимын гадна байдаг дэлгэцээр үзээд түүнийхээ хор холбогдол, хэрэглэсэн, авч явсан, борлуулсан бол ямар ял шийтгүүлдэг зэргийг мэдэж аваад тусгай цаг гарган сурагчдад хичээл заах боломж байгаа.
Харин нэгэнт донтсон хүмүүсийг эмчлэх талаар төрөөс бодлого барьж ажиллах нь чухал байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Эмгэг наркологийн төв гээд албадан эмчилгээ хийдэг газрууд хар тамхи мансууруулах бодист донтсон нэг ч хүнийг эмчилж чадаагүй, эмчлэх нөхцөл боломж, эмч ч байхгүй гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх.
Энэ мэтээс харахад хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр, нэгдсэн бодлого чиглэлийг ажил болгох Үндэсний хороог нэн даруй байгуулж, хийх ажлыг нь тодорхой болгомоор байна. Уг нь Ерөнхийлөгч 2012 онд зарлиг гарган, ийм хороо байгуулахаар болсон ч өнөөдөр таг чиг. Хэрэв энэ хороо нь байгуулагдсан бол өдийд ажил нь жигдрээд 20-30 мянгад (төрийн бус байгууллагуудын хийсэн судалгаагаар ийм тооны хүн хэрэглэгч болсон гэж дүгнэсэн) хүрээд байгаа мансуурагчийг эмчлэх, тоог нь багасгахаар зүтгэж байх сан.
Манайхан нэг хэсэг хилийн чанадад хар тамхи тээвэрлэж байгаад баригдан, цаазын ял хүртэл шийтгүүлж байсан. Сүүлийн жилүүдэд тээвэрлэгчид багассан ч дэлхий даяар хэрсэн хар тамхины сүлжээнд элссэн хүмүүс нэлээд хэд болжээ. Энэ тухай ОХУ-д суугаа манай Хууль зүйн яамны атташе “маш нууц” гэсэн тамга дарсан мэдээллийг Хууль зүйн сайдад ирүүлсэн юм билээ. Тэнд монголчууд хар тамхины олон улсын хамгийн том сүлжээнүүдэд харьяалалтай болж, гишүүнээр элссэн талаар дурдсан аж.
Нөхцөл байдал манай улсад үнэхээр хүндэрч байна. Манай иргэдийн дунд нэг нэгэндээ хар тамхи үнэгүй өгч дасгаж байгаад донтоод ирмэгц нь худалддаг арга дэлгэрээд удлаа. Донтсон нөхөд “бараа”-гаа олж авахын тулд юу ч хийхээс буцахаа байжээ. Яг л барууны хар тамхи, мансууруулах бодисын тухай өгүүлдэг кинонд гардаг шиг.
Нэг жишээ дурдъя. Чингэлтэй дүүргийн шүүхээр шийдвэрлэсэн, Д.О-д холбогдох хэрэгт прокурор Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, хүчирхийлсэн, хар тамхи хууль бусаар олж авсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Д.О гэх мансууруулах бодист донтсон залуу 40 мянгатад байдаг, хуучин амьдарч асан байрныхаа ойролцоо явж байхдаа мөнгө олж, “мөс” худалдан авах сэдэл төржээ. Улмаар байрныхаа орцонд ортол гаднаас гадаадын нэг эмэгтэй орж ирсэн байна.
Түүнийг гэрийнхээ хаалгыг онгойлмогц нь хутга гарган айлган сүрдүүлж, гэрт нь ороод мөнгө төгрөгийг нь аваад зогссонгүй, нөгөө бүсгүйг хүчирхийлээд явсан байна.
Энэ мэтээр хар тамхинд донтогсод түүнийг олж авахын тулд яахаас ч буцахаа байлаа. Тиймээс Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлж, нэгдсэн бодлогоор тэмцэн, донтогчдыг шинжлэх ухааны үндэстэйгээр эмчлэх, хүүхэд, залуусыг цагаан тахлын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол нэг мэдэхэд монгол үндэстэн үгүй болоход хүрч болзошгүй нь.