Ховд аймгийн Зэрэг сумын Бургас багийн нутаг дахь Хөдөө нуур гэдэг газарт өвөлжиж буй малчныхаас 22 настай залуу алга болжээ. Тэрээр аравдугаар сарын 27-ны 21.30 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон аж. Ар гэрийнхэн нь түүнийг нэг хоног хүлээж, хайгаад олоогүй тул маргааш шөнө нь аврагчдад ханджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, орон нутгийн 44 иргэн оролцсон эрэн хайх ажиллагааны дүнд 29-нд дээрх залуугийн малгайг Хөдөө нуурын эргээс 200-300 метр зайтай газраас олж, ойр орчмыг нь самнан, нууранд 25-30 цооног гаргаж, усны камер тавьсан байна.
Тэгвэл Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн нэгэн иргэн аравдугаар сарын 23-нд Орхон голын Хар усан тохойд загасчилж яваад осолджээ. Түүний цогцсыг Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн аврагчид, ар гэрийнхэн нь нийлсэн 17 хүн завь болон явганаар хайж, Хушаат сумын бирвааз хүртэл 80 км газрыг самнаад байна.