Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дахь “Элит” хотхоны 12 дугаар байрны нэгэн орон сууцыг түрээслэн мөрийтэй тоглож байсан хүмүүсийг энэ сарын 9-10-нд шилжих шөнийн 00.00 цагийн үед зэвсэглэсэн этгээдүүд дээрэмдсэн хэрэг гарч олныг цочирдуулсан билээ. Нүүрээ хар багаар халхалсан 6-7 хүн нэг удаа хий буудаж мөрийтэй тоглогчдыг цочроон, 1.2 кг алт, 45 сая төгрөг, 2000 ам.долларыг авч зугтсан юм. Энэ хэргийг “Ландага” хэмээх Ё.Батцэнгэл, “шош” гэх Н.Ариунгэрэл нар зохион байгуулсан гэж буруутгагдаж буй билээ.
Харин мөрийтэй тоглож байсан хүмүүс хэн болох, дээрмийн хэргийг гардан гүйцэтгэсэн нь ямар хүмүүс болох нь төдийлөн ил болоогүй. Бидний авсан мэдээллээр дээрэмчид ч, мөрийтэй тоглогчид ч ялгаагүй өмнө нь “аавын хаалга” татаж ял шийтгүүлж байсан хүмүүс гэнэ.
Тухайлбал, Б.Гантулга хэмээх өмнө нь хүн амины хэргээр ял шийтгүүлсэн эр дээрмийн хэргийн золиос бологчдын дунд байна. Мөрийтэй тоглоомчдын дунд “Паркын Баяраа” нэрээр алдаршсан, Монголд анх рулет тоглоомын газар байгуулагдахад Үндэсний соёл амралтын хүрээлэнд тийм газар ажиллуулж байсан нэгэн бас хохирчээ. Тэднээс гадна Мөнхбаатар, Пүрэвжав, Нямгэрэл гэх залуус халдлагад өртөж алт, дээрх хэмжээний мөнгө, валютаа алдахын зэрэгцээ, хууль бусаар мөрийтэй тоглосон хэрэгт шалгуулж байна.
Зэвсэгт дээрэм гардан хийсэн хүмүүс нь “Ука” хэмээх Алтанхуяг, М.Амартүвшин, Б.Насандэлгэр, Н.Билэгбаатар, С.Галбадрах зэрэг хүмүүс үйлдсэн аж. Алтанхуяг нь дээрмийн хэргээр хоёр ч удаа ял шийтгүүлээд өршөөлөөр суллагдсан бөгөөд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нэгэн компанийн харуул хамгаалалтын албанд ажиллаж байсан аж.
М.Амартүвшин нь Ё.Батцэнгэлтэй хамт хар тамхины хэрэгт шалгуулж байгаа, С.Галбадрах бас танхайрсан, Б.Насандэлгэр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, бусдыг хүчирхийлсэн хэрэгт 2002, 2006, 2011 онд шийтгүүлж байсан хүмүүс гэнэ. Дээрх хүмүүсийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан буу нь АКМ-тай адил харагддаг “Вепрь” хэмээх ангийн буу байсан нь тогтоогдсон гэнэ.
Сэжигтнүүдийн нэг нь түүнийг эзэмших хууль ёсны зөвшөөрөлтэй байжээ. Бидэнд олдсон мэдээллээр дээрэмчдийн авч одсон мөнгө, алтыг одоо болтол олоогүй байгаа гэнэ.